ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.
1990 оны сүүлээр зөвлөлтийн хөдөлмөрчдийн хот Свердловск дээрэмчдийн дайн гэж юу байдгийг мэдэрлээ. Трифон, Овчина нарын эрүүгийн хэрэгтэн дээрэмчид хоорондоо тулалдаж эхэллээ.
Таван жилийн өмнө хотын гэмт хэргийн ертөнцийн хаан нь Хохимой хочит хулгайч байлаа. Түүний гар дор Трифон буюу Алексей Трифонов, Овчина буюу Андрей Овчинников гэдэг нусгайнууд ажилладаг байв. Тэр хоёр тэгэхэд найзалж нөхөрлөж, Кинг-Конгийн баг зүүгээд хамтдаа дээрэмд гардаг байсан гэх домогтой. Дараа нь эдгээр жүжигчдийг цагдаа нар барьж, Овчина Трифон хоёр ял авчээ. Үнэдээ бол шалихгүй ял л даа. Трифон эхлээд суллагдсан байна.
Тэрээр хоршооллын хөдөлгөөн ид цэцэглэж байгааг хараад дээрмийн бүлгээ тэр дор нь байгуулж, наймаачдыг дарамталж эхлэв. Тэр Хохимойг эзэмшил нутгаас нь шахаж, нэр нөлөөтэй боллоо. Дараа нь Овчина суллагдаж ирээд өөрт нь хоолны идүүр байхгүй, тэгээд ч зургадугаарт эрэмбэлэгдэх болсноо ойлгов. Энэ байдал түүнд таалагдсангүй. Тэрээр хамаа нухахаар шийдлээ. Гэтэл нэг чөтгөр нь Трифонд хов хүргэж, уушиг нь сагсайсан дээрэмчин нялуурч нялцганасангүй. 1990 оны арваннэгдүгээр сард Трифоныхон Овчинагийн машиныг АКМ буугаар шүүр шанага болгож орхив. Гэтэл Овчина машиндаа байгаагүй, амьд үлдсэн бөгөөд маш их гомдож, дайн эхлэв.
Трифоновынхны нэг болох Курбатов овогтыг олж тогтоосон Овчинниковынхон гэрт нь дайрч ороод жинхэнэ утгаар нь балмад загнаж, эхнэр хүүхдийнх нь нүдэн дээр түүний хоолойг утсаар боож, өшиглөж дэвсэцгээв. Курбатов энэ халдлагыг өршөөсөнгүй. Хоёр хоногийн дараа боолт наалттай тэрээр дайчидтайгаа хамт Овчина руу довтолж, мөстөж хөлдсөн Московская гудамжаар машинаар хөөж байлаа. Курбатов яг л кинонд гардаг шиг давхилтан дунд өөрийнхөө “Жигули” машины цонхоор цухуйн Овчинагийн машин руу калашникаар шүршив. Овчина арайхийн түүнээс тасарч суманд урагдсан өдөн хүрэмнийхээ өдийг хийсгэн давхилаа.
Арванхоёрдугаар сард трифоновынхон Овчинагийн “ичээ”-г эрэн хотыг самнаж өнгөрөөв. Тэд овчинниковынхны нэгийг олж аваад зөндөө тамласны эцэст хоолойг нь боон хүүрийг нь Чкаловын дүүргийн Спартак цөөрөмд чулуудчихжээ. Овчинниковынхон ч мөн адил загнав. Тэд Курбатовыг өөрийг нь барьж аваад гестап маягаар тамласны эцэст хөлд нь төмөр замын зам төмөрний тасархай зүүн Исетийн гүүрэн дээрээс амьдаар нь голд чулуудав.
Трифон, Овчина хоёр тэгэхэд хорин таван настай байлаа. Хүний үнэргүй, ичгүүр сонжуургүй тэд харх шиг хаа сайгүй чадах чинээгээрээ тарааж сүйтгэв. Тэд хулгайлсан автомат буу, тайрсан ангийн буу, музейн нагаан буу зэргээр зэвсэглэж, түүгээрээ гэгээн цагаан өдрөөр ямар ч бодох санах юмгүйгээр яг л мэдрэлийн өвчтөн мэт галлаж гардаг байв. Таксины жолооч, мухлагийн худалдагч, ерөөс хэн таарсныг алж, алагдсан хүмүүсийн хуучин гутлыг хүртэл суга татан авч, туулайн халцарсан арьсан малгай, магнитофоны хуурцаг, боодол ёотон мэтийг бусдын гэрээс шүүрч, улангасан дээрэмдэж, бүсгүйчүүдийн үнэртэй усыг хүртэл ууцгаана.
Свердловск хотноо шинэ жилийн цасан хялмаа гялбалзаж, өвлийн богино өдрүүд шүд цөм цөм цохих мэт өнгөрч байлаа. Гудамжны гэрэл тэр үед цөөхөн байсан бөгөөд нэмэлт гэрэл бүр ч байхгүй, дэлгүүрүүдээс дараалалд зогсогсдын урт хар сүүл цухуйна. Харин хотын цастай гудамжаар дээрэмчдийн ямбий “Волга”, хонхойж цонхойсон “Лада” машинууд тооромсгоо чихруулан бие биенээ хөөн булан тохойгоор эргэж, хашаан дундуур дүүжин савлуур, хүүхдийн тоглоом дайран нисэцгээнэ.
1991 оны нэгдүгээр сарын 7-нд трифоныхон Овчинаг орцных нь үүдэнд отож байлаа. Овчина өөрийнхөө “Девятка”-д (Ладагийн 9 дэх загвар – Орч.) үсрэн орж ухасхийхэд алуурчид суусан “Найм” араас нь хөөв. Академич Бардины гудамж орчимд “найм” зам чадварлагаар хаан “ес”-ийн өмнүүр хөндөлсөхөд алуурчид калашникаар галлав. Нэг ээлжийн галд нь автобусны “Ясная” зогсоол өртөж залуухан бүсгүй цасан дээр үхэдхийн уналаа.
Овчина тэр удаад зугатаж амжсан бөгөөд хот тэр чигээрээ дургүйцэн шуугилдав. Энэ бол дээрэмчдийн анхны дайнаас хүртсэн эхний цочрол байлаа. Хагас жил, нэг жилийн дараа ийм дайн Ёбургийн энгийн амьдрал болно гэж хэн тэгэхэд мэдэх билээ дээ. Тэр өвөл хот уурсан догширч эх захгүйчүүдийг номхотго хэмээн засаг захиргааг заамдав. Ад зэтгэрт хөтлүүлсэн хулгайч нарын нүгэл саваа халив. Цагдаагийн газар яаралтай хөдөллөө. 1991 оны хоёрдугаар сард шуурхай ажилтнууд Овчинаг, дөрөвдүгээр сард Трифоныг баривчлав.
Дэээрэмчдийг шүүх гэж их удна. Урьдчилан хорихын нийтийн камерт хоёр бүлгийн дээрэмчид уулзацгаана. Эрх чөлөөгүй байдал нь тэднийг нэгтгэж оргохоор шийдэцгээнэ. Шоронгийн худалдагдсан ажилтан тэдэнд бүрэн цэнэгтэй гар буу авчирч өгнө. 1994 оны зургадугаар сарын 8-нд трифоновын хоёр, овчинниковын хоёр хүн хамтдаа оргохоор шийднэ.
Тэд шоронгийн хянагчийг буудаж алаад хорих өрөөнөөс уулзалтын байр руу нэвтэрч эргэлтээр ирсэн хүн, хоригдол, хамгаалагч нийлсэн 23 хүнийг барьцаална. Түгшүүр авсан цагдаагийн тусгайгийнхан Хорих газрыг бүсэлнэ. Босогчид шоронг дотроос нь түгжээд машин, сая рубль, архи өгөхийг шаардана. Архийг нь шууд өгнө. Тэгэхдээ архинд нь нойрсуулагч холино. Машиныг нь болохоор банк мөнгө цуглуулж дуустал хүлээж бай гэж гуйна.
Гурван дээрэмчин тэр дороо унтана, харин дөрөвдэх нь архи уухгүй. Тусгайгийнхан уулзалтын байрыг эвдлэн ороод согтуу шаарнуудыг зодож, хүлнэ. Нэг нь сарваганан эсэргүүцэж байгаад духандаа сум зоолгоно. Харин дөрөвдэх эрүүл нь бужигнаан дунд хотруу жилийнэ. Тэгсэн ч хагас жилийн дараа түүнийг олж баривчилна.
Трифон, Овчина нарын хэргээр шүүгдэгчийн сандалд 19 хүн сууна. Шүүх хурал дээр зодолдуулахгүйн тулд ганц ганцаар нь шүүнэ. Алексей Трифоновт 10, Андрей Овчинниковт 14 жилийн ял онооно. 1996 он хүргэж байж сая нэг юм ялын тогтоол гарна.
Овчинников 2005 онд суллагдана. Шоронд түүнийг өргөмжлөн хүндэлж, тэр ч биеэ тооно. Гэвч шинэ ертөнцөд тэрээр үлэг гүрвэл, өнгөрсөн цаг үеийн үлдэц болж хувирна. Тэр үнэт цаас, менежмент, худалдааны сүлжээний талаар нүдэн балай, чихэн дүлий нэгэн билээ. Яаж ийж орчиндоо дасч аваад Овчина “Шарташский” захыг онилно. Эхлээд хэсэг бүлэг нөхөд цуглуулаад захыг эзэлж авах гэж оролдтол тэдгээр алиалагчдыг хамгаалалтынхан гаргаад чулуудчихна. Дараа нь Овчина ямар нэгэн цаас барьж ирэхэд захын эзэд үнэнээсээ уурлана. Үр дүнд нь Овчина 2006 онд байдаг руугаа буцаад явна.
Овчина, Трифон хоёр адилхан махчид байлаа. Дэндүү ядмаг бүдүүлгийнхээ улмаас тэд хамжааргагүй байж болох уу үгүй юу гэдгийг хамгийн эхлээд шалгацгаасан юм. Болмоор бодогджээ. Гэвч бодит амьдрал гэмт хэргийн ертөнцийн зэрлэгүүдийг сул дорой хэмээн тоглолтоос гаргав. Зэрлэг новшнуудын оронд зоригтой, бодлоготой залуус гарч ирлээ.
Алексей Ивановын “Ёбург” номоос…
Эх сурвалж: www.duuren.mn