“Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

“Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” тэмцээнд оролцоно

Долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн гурван төрлөөр болно.

100 мянга ам.долларын шагналын сантай тус тэмцээнд төрөл бүрт нэгдүгээр байр эзлэсэн багийг 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багийг 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багийг 5 мянган ам доллар, цомоор, багийн гишүүдийг медалиар шагнах юм байна.

Тус тэмцээнд одоогийн байдлаар Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, ОХУ, Узбек, Энэтхэг зэрэг гадаад орноос оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.

Манай улсаас тэмцээнд 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /”Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, Азийн болон залуучуудын дэлхийн аварга/, 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Б.Номин /“Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж /Арслан” клуб/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн /“Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга /“Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга/, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат /“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/ нар барилдана.

Манай баг анх удаа оролцох гэж байгаа тус тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр явна.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж