Сангийн сайд хөрөнгөө хүүдийллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Сангийн сайд хөрөнгөө хүүдийллээ

Парламентад УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг цөөн эрхэм бий. Тэдний нэг нь Монгол Улсын мөнгөний авдарны түлхүүрийг хүзүүнээсээ зүүсэн Сангийн сайд С.Баярцогт юм. Жил бүр улсын төсөв батлах үеэр С.Баярцогт “од” болдог. Энэ үед багагүй шүүмжлэлд өртөж, ажил хийж чаддаг, чад­дагүйгээрээ дуудуулчихдаг нэ­гэн. Түү­нийг тодотгох бас нэг “төрх” нь Оюутолгой төсөл гэхэд болно. Учир нь Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үнд­сэн зарчмыг өнгөрсөн 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ баталснаас хойш түүний нэр Оюутолгой төсөлтэй салшгүй холбоотой болсон юм. Хуулийн дагуу манай улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу майнз” “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулагч талаас 250 сая ам.долларын урьд­чилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар тохиролцсон. Сангийн сайд 2009 оны аравдугаар сард урьдчилгаа төлбөрийнхөө эхний 100 сая, 2010 оны дөрөвдүгээр сард 50 сая ам.долларыг гардан авсан. Харин өчигдөр үлдсэн 100 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Ямартай ч сайд хөрөнгө оруулагчдын өгөх ёстой хөрөнгийг тоо ширхгээр нь хүлээн авч, цоожтой авдартаа хийлээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахад оролцсон гурван сайд ямагт муу зүйл хийсэн хэмээн цоллуулдаг. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай хэлэлцэх үед С.Баярцогтын нэр цухас дуулдаж байсан удаатай. Тиймээс эрхэм сайд нэг л алдаа гаргавал түүнийг огцруулах хүсэлтэй арми хэдийнэ бүрдсэн байж мэдэх юм.  

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж