Хэрэв “Маверикс” энэ тоглолтод хожигдсон бол цувралын харьцаа 3-1 болж, тэд түүхийн эсрэг тоглох байлаа. Учир нь NBA-ын финалд 3-1-ээр хожигдож яваад дараалан гурав хожсоноор аварга болж байсан түүх үгүй. Ямартай ч аваргын төлөөх цуврал дахин нарлаг Майамид очих нь тодорхой болж байна. Цувралын тав дахь тоглолт Монголын цагаар баасан гаригийн өглөө Далласт болох бол зургаа дахь тоглолт даваа гаригийн өглөө Майамид болох юм.
Өнөөдрийн тоглолтод Двейн Уейд 32 оноогоор багаа тэргүүлж, Крис Бош 24 оноо авсан ч “их гурвал”-ын нэгэн эд эс болсон Леброн Жеймс төдий л гавьяа байгуулсангүй. Тоглолтын туршид “Хаан” Жеймс ердөө найман оноо авснаас гадна 11 шидэлтийнх нь гурав нь л байндаа туссан юм.
Харин “Даллас”-аас Новицки тоглолтыг тун дажгүй эхлүүлж, эхний гурван шидэлтээ амжилттай болгосон ч дараагийн 11 шидэлтийнхээ 10-ыг нь алдав. Харин дараа нь бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолтоос хойш анх удаагаа чөлөөт шидэлт алджээ. Үүний дараагаас эхлэн түүний биеийн байдлын талаарх яриа идэвхтэй өрнөх болов.
Эцсийн дүнд “Даллас Маверикс” хүссэн ялалтаа авч чадсан. “Майами Хит”-ийн талбайд нэг хожигдож, нэг хожсоноор нутагтаа ирсэн ч талбайдаа хийсэн эхний тоглолтод ялагдал хүлээсэн “Маверикс”-аас Терри 17, Шон Марион 16, Чандлер 13 оноо, 16 удаа самбараас бөмбөг авснаар тэд өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2-2 болгон тэнцүүллээ.
Харин “Майами”-гийн хувьд урьдын адил “их гурвал”-аас бусад нь цөөн оноо авчээ. Миллер зургаа, Марио Чалмерс тав, Хаслем, Жоел Энтони нар тус бүр дөрвөн оноо багтаа авчирсан байна.
Ямартай ч багууд талбайдаа 1-1 гэсэн амжилт үзүүлээд байна. Талбай дээрх тэмцэл, өрсөлдөөн төдийгүй статистик үзүүлэлтээс харахад хэн ялагч болохыг таамаглахад бэрх.