Монголын баг “Говь”-ийн ноолуураар гангарна

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Монголын баг “Говь”-ийн ноолуураар гангарна

Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцох гэж буй Монголын багийнхны Бразилийн Сан Паулуд гоёх ноолууран цамцыг урласнаа үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийнхан өнөөдөр гардуулж өглөө.

Манай гаригийн 70 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн энэ жил Бразилийн Сан Паулу хотноо ирэх наймдугаар сарын 11-16-нд болох юм.

Энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд 60 шахам улсын 23 хүртэлх насны 1200 залуу 50 мэргэжлээр өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монгол Улс энэ тэмцээнд токарь, гагнуур, өрөг угсралт, хавтанцар наах, мужаан, цахилгаан, тогооч, үсчин, гоо сайхан гэсэн есөн мэргэжлээр оролцох юм. Бразилийг зорих Монголын багт есөн мэргэжлийн есөн оролцогчоос гадна мэргэжил тус бүрт шүүгч экспертээр оролцох есөн багш багтаж байгаа.

Эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан, дэлхийн улс орнуудаас ирсэн үе тэнгийн залуустайгаа өрсөлдөхөөр холыг зорих гэж буй Монголын багийг үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК дэмжин ажиллаж буй. “Говь”-ийнхон Дэлхийн ур чадварын тэмцээний нээлт, хаалтын ёслол болон бусад үйл ажиллагаанд оролцохдоо өмсөх гоёлыг нь урласнаа гардуулах ёслолд Монголын багийнхнаас гадна Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулах газрынхан оролцлоо.

Усан цэнхэр өнгийн ноолууран цамцны энгэр дээр Дэлхийн ур чадварын тэмцээний болон Монголын багийн бэлгэдлийг торгон утсаар хатгасан уг загварыг тус компанийн дизайнеруудын санаагаар урласан байна. Сан Паулуд гангарах гоёлыг нь Монголын багийнханд гардуулж өгсөн “Говь” ХК-ийнхан залууст амжилт хүсч, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлээд ирэхийг ерөөсөн юм.

Хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлддөг спортынхны хамгийн том наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог олимп. Энэ наадамтай зиндаагаараа дүйх Дэлхийн ур чадварын тэмцээнийг мэргэжилтэй ажилчдын хувьд олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр ч утгаараа Дэлхийн ур чадварын байгууллагад гишүүнээр элсэх нь улс орнуудын хувьд нэр төрийн хэрэг болоод буй юм. Монгол Улс энэ байгууллагад 2014 онд элсч 69 дэх бүрэн эрхт гишүүн нь болсноор мэргэжилтэй ажилчдынхаа ур чадварыг Дэлхийнтавцанд сорих эрхтэй болсон билээ. Манай залуус анхныхаа тэмцээнд амжилттай оролцсоноор эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй улс орныхоо мэргэжлийн боловсролын чанарыг олон улсад дархлах том боломжийг нээх юм.

Эх орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд өрсөлдөх багийг бүрдүүлэх, Бразилийн Сан Паулуг зорих багийн гишүүдийг сонгох ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежоос шалгарсан 250 гаруй залуус оролцсон “Монгол ур чадвар” тэмцээний гурван шатнаас шалгарсан шилдгийн шилдэг оролцогчдоос Монголын баг бүрдэж байна.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж