Дуу цахилгаантай түр зуурын бороо

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай түр зуурын бороо

Энэ жил нийт нутгаар ялангуяа төвийн бүсгийн нутгаар зуншлага тааруу байна. Долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 40 хувьд зуншлага харьцангуй сайжирсан тухай Ус цан уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал говийн бүсээс Өмнөговь аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн баруун тал, Дорноговь аймгийн өмнөд хэсэг, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар зуншлага сайн, бусад нутгаар гандуу байна. Ялангуяа төвийн бүсийн нийт нутаг буюу Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, Говьсүмбэр, Хэнтий аймгуудаар зуншлага тааруу байгаа юм. Энэ сарын 12-ны өдрөөс нутгийн баруун, хойд, төвийн бүсийн нутгаар ус ихтэй үргэлжилсэн бороо орж эхэллээ. Тухайлбал Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Булганы нутгаар дөрвөн өдөр үргэлжилсэн бороо оржээ. Энэ нь ган тайлагдах магадлалтай гэдгийг цаг уурчид онцоллоо. Энэ сарын 16, 17, 18, 19-ны өдрүүдэд нутгийн төв хэсэг, говь, зүүн нутгийн зарим хэсгээр ус ихтэй үргэлжилсэн бороо орно. Харин 19, 20, 21 ний өдрүүдэд төвийн бүс, зүүн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орох цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

Ойрын өдрүүдэд ус ихтэй үргэлжилсэн бороо орж байгаа. Үүнийг дагуу томоохон гол мөрний усны түвшин 25-60 сантиметрээр нэмэгдэж, үерлэх аюултай байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд голд 11 хүн живж, аянга цахилгаанд гурван хүн өртөж, хоёр нь харамсалтайгаар эндсэн хэрэг гарлаа. Мөн нийслэлийн захын гэр хорооллын айлууд ч үерт өртөж, усанд автсан хэд хэдэн тохиолдол байна. Иймээс ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг албаныхан анхаарууллаа.

Нутгийн баруун хэсгээр ойрын өдрүүдэд бороо багатай. Долдугаар сарын 20-д гаргаад буюу сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар бороо татрах юм. Гэхдээ нутгийн хойд хэсэг, хангайн нутгаар 23,24-ний өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж