Б.Обамагийн нэр хүндийг унагажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Б.Обамагийн нэр хүндийг унагажээ

АНУ-ын эдийн засгийн мэдээлэл Б.Обамагийн нэр хүндийг унагажээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гууль 2012 онд болно. Тиймээс энэ тухай одоо ярина гэвэл арай эртдэх юм шиг. Гэвч өдөр ирэх тусам уналтад орж байгаа АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх юм бол ирэх жилийн сонгууль Барак Обамагийн хувьд маш хүнд шалгуур болно гэдэг нь тодорхой харагдаж эхэллээ.

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас шинээр ажил эрхэлсэн хүмүүсийн тоо өнгөрсөн сард ердөө 54 мянгаар нэмэгдсэн тухай мэдээлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 232 мянга байсан энэ тоо даруй дөрөв дахин буурчээ. АНУ-д ажилгүйдлийн түвшин 9.1  хувь болж, энэ он гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.  АНУ-ын Ардчилсан намын сонгуулийн кампанит ажлын үеэр 2000-2004 онд зөвлөх хийж байсан Тэд Дэвайн “Хэрэв ажилгүйдлийн түвшин энэ янзаар өсвөл ирэх оны сонгуульд Б.Обама ялах эсэх нь тун эргэлзээтэй болно” гэжээ. Америкчуудын хэрэглээ 2011 оны нэгдүгээр улиралд багассан үзүүлэлттэй гарсан. Үйлдвэрлэлийн индекс ч мөн буурсан юм. “S&P/Case-Shiller Index” өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д орон сууцны үнэ буурч, 2003 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрснийг харуулжээ. Өөрөөр хэлбэл, америкчуудын үл хөдлөх хөрөнгө үнэ цэнэгүй болж эхэлсэн гэсэн үг. “Moody’s” хөрөнгө оруулалтын газрын шинжээч Марк Занди “Үнийн хөөрөгдөл сөрөг үр дагавартай. Түүнтэй адил үнэ хэт буурвал мөн л уршиг дагуулна” гэжээ. Тэгэхээр үнийн хэт өсөлтөөс гадна  хэт уналтаас сэргийлэх ёстой болж байна.

“J.P.Morgan”, “Голдман Сакс”-ын макро эдийн засгийн шинжээчид АНУ-ын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 3.7 хувиар өснө гэсэн боловч таамаглалаа өөрчилж, 2.2 хувь болгон бууруулжээ. Тэд энэ оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3.1 хувьтай байна гэж тооцож байсан ч бодит байдал дээр ердөө л 1.8 хувиар өссөн юм. Энэ бүхэн Барак Обамагийн рейтингийг унагах болсон билээ. Гэвч Осама Бин Ладен амиа алдсан явдал АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурь ганхахаас түр хугацаанд ч болтугай сэргийлж чаджээ. Гэхдээ энэ нь түүний ирээдүйн өрсөлдөгчдийн хараанаас мултарсангүй. Ирэх онд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай Мит Румни “Б.Обамагийн бодлого Америкийн эдийн засгийг сүйрүүлж байна” хэмээн ярьжээ. Мэдээж хэрэг, энэ бүхний хариуд Б.Обама тайлбар хэлсэн нь дамжиггүй.

Охайо мужийн Толедо  хотод болсон уулзалтын үеэр тэрбээр “Эдийн засаг сэргэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Энэ бол аажим бөгөөд алгуур өрнөх үйл явц” хэмээн онцолжээ. Гэхдээ хэтэрхий алгуурлаад байвал ажлын байр нэмэгдэж байж мэдэх юм. Тус улсад  2008 онд санхүүгийн хямрал нүүрлэхэд   8.7 сая хүн ажилгүй болсон. Гэтэл түүнээс хойш ердөө 1.8 сая ажлын байр шинээр бий болжээ. Энэ хоёр тооны хооронд асар их зөрүү байгаа нь тодорхой. Ямартай ч 2012 оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.9 хувь болно хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа. Харамсалтай нь урьдчилсан прогноз өөрчлөгдөх магадлалтай. “Өөрчлөлт” гэх үгээр имижээ хийж, Ерөнхийлөгчийн 2008 оны сонгуульд өрсөлдөгчдөө ардаа орхин гарч ирсэн АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгчийн хувьд ажилгүйдлийн төлөвөөс ойрын ирээдүй нь хамаарах болчихоод байна.

АНУ-ын түүхэнд зөвхөн Б.Обама ийм асуудалтай тулгарч байсан­гүй. Ажилгүйдлийн түвшин 1984 онд 7.2 хувьтай байх үед Рональд Рейган Ерөнхийлөгчийн сон­гуульд дахин ялалт байгуулж чад­сан юм. Дэлхийн хоёрдугаар дай­ны үед зургаан хувьтай байсан ажилгүйд­лийн түвшин Р.Рейганы засаг захир­гааны үед бүр ихээр нэмэгдсэн ч америкчууд түүнийг сонгосон билээ. Барак Обамагийн засаг захиргаа “Ирээдүйд олж авах ялалт”-ын тухай онцлох болсон. Тиймээс алс хэт­дээ бүх юм сайн сайхан болно гэх итгэлийг америкчуудад өгч чадвал асуудал өөрөөр эргэж болох юм. Ерөнхийдөө ажил эрхлэлтийн байдал цаашид хэрхэхээс Б.Обама ирэх онд Төрийн тэргүүний сэнтийд  дахин залрах эсэх нь шалтгаална. Р.Рейганы тухайд, түүнийг сонгуульд өрсөлдөж байх үед америкчууд улс орон нь яг зөв зүг рүүгээ явж байна гэдэгт дэндүү их итгэлтэй байсан хэмээн шинжээчид нотолдог.

Өнөөдөр америкчууд юу бодож байна вэ. “Pew Economic Mobilcity Project”-ээс хийсэн судалгаагаар тэдний 54 хувь нь АНУ-ын эдийн засаг сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэдний 72 хувь нь 2009 онд ийм санал өгч байсан юм. Тэгэхээр ирээдүйдээ итгэлгүй болсон хүмүүсийн тоо жил ирэх тусам өсч байгаа гэсэн үг. Америкчуудын талаас бага хувь нь үр хүүхдүүд нь ирээдүйд сэтгэл хангалуун амьдарна гэдэгт итгэж байгаа аж. Энэ тухай судалгааг “American dream” үндэсний судалгааны төв хийжээ. Уг үзүүлэлт 2009 онд 62 хувьтай байв. Тэгэхээр Бүгд найрамдахчуудыг баярлуулсан эдгээр тоон дүн Барак Обамад дахин сонгогдох боломж олгохгүй юм гэж үү.

Т.ЭЛИСА
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж