Өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 15 минут орчим үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас аймгийн төвийн баруун талын Далангийн гол дүүрч, хальжээ. Мөн Зүүнсайхан, Оюут, Дундсайхан, Аргалант хорооллын зарим гудамж, айл өрхүүд, аймгийн төвийн зарим хэсэг үерт автсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын албан хаагчид, бусад мэргэжилтэнүүд Далангийн голын урд хэсгээр сэтлэн зам гаргаж үерийг Ногооны талбайн урд, Өвсний фондын хойгуур Урд голын хэсгээр урсгах арга хэмжээ авчээ.
Ойрын өдрүүдэд ус ихтэй үргэлжилсэн бороо орж байгаа. Үүнийг дагуу томоохон гол мөрний усны түвшин 25-60 сантиметрээр нэмэгдэж, үерлэх аюултай байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд голд 11 хүн живж, аянга цахилгаанд гурван хүн өртөж, хоёр нь харамсалтайгаар эндсэн хэрэг гарлаа. Мөн нийслэлийн захын гэр хорооллын айлууд ч үерт өртөж, усанд автсан хэд хэдэн тохиолдол байна. Иймээс ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг албаныхан анхаарууллаа.
Цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэхэд өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Д.ЖАГАР