Тариалалтын зардал нэмэгдсэн нь үнэд нөлөөлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Тариалалтын зардал нэмэгдсэн нь үнэд нөлөөлж магадгүй

Л.Баяртулга: Тариалалтын зардал нэмэгдсэн нь үнэд нөлөөлж магадгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалалт дууссан гэсэн мэдээллийг хоёр хоногийн өмнө өгсөн билээ. Уг нь тус яамны мэргэжилтнүүд “Тариалалтыг тавдугаар сарын 25-нд дуусгана. Дотоодын улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг хангана” гэж  байсан юм. Гэсэн ч цаг агаар, түлшний хомсдол зэргээс шалтгаалж төлөвлөсөн хугацаанаас оройтсон. Тариалалт ийнхүү оройтсон нь ургац хураалтад сөргөөр нөлөөлнө гэсэн таамаглал  олны дунд байгаа юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Тариалалт дууссан гэдгийг танайхаас албан ёсоор зарлалаа. Энэ хавар 276.5 мянган га талбайд үр тариа, 14 орчим мянган га-д төмс тариална хэмээн мэдээлж байсан. Тариалалтыг төлөвлөсөн хэмжээнд хийв үү?

-Үр тариа тариалах ажил улсын хэмжээнд дууссан. Төлөвлөсөн ёсоор бол 281 мянган га талбайд тариалалт хийхээр байсан. Тариалалтыг үүнээс илүү буюу 288 мянган га орчим талбайд хийсэн гэсэн урьдчилсан мэдээг гаргаад байна. Цаашид улсын хэмжээнд тариалалтын дүнг нэгтгэхээр энэ тоо өсч магадгүй.  Харин төмс, хүнсний ногоог тариалж хараахан дуусаагүй байгаа.

-Төмс, хүнсний ногоог ирэх намар төлөвлөсөн хугацаанд хурааж авах боломж хэр байгаа бол. Одоо зарим газарт тариалалт  дуусаагүй байгаа юм байна?

-Улаанбуудай, төмсний хэ­­рэгцээг дотоодоосоо бү­рэн хангах төлөвлөгөөтэй ажил­лаж байгаа. Өнгөрсөн онд бүрэн хангасан. Одоогийн байдлаар төмсний та­риалалт 77 хувьтай, хүнс­ний ногооных 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Төмс, хүнсний ногооны дийлэнхийг жижиг аж ахуйн нэгж, өрхийн тариаланчид тариалдаг. Тэ­дэнд дизель түлшнээс үүдэлтэй бага зэрэг хүндрэл учирсан. Түлшний үнэ нэмэгдсэн нь тариалалтын зардлыг ч тодорхой хэмжээгээр нэмэг­дүүлсэн байна. Түүнчлэн та­риалалт төлөвлөсөн хугацаанаас оройтсон нь цаг агаар сэрүүн байсантай ч холбоотой.

-Тэгвэл төмс, хүнсний ногоог хэзээ тариалж  хэзээ дуусах бол? 

-Төмсийг энэ долоо хо­ногт тариалж дуусна. Бусад төрлийн хүнсний ногооны хувьд энэ сарын дундуур тариалж дуусах болов уу. Хүнсний ногооны үрсэлгээг хийчихсэн байдаг. Цаг агаар дулаарахаар гадаа талбайд суулгадаг. Ойрын өд­рүүдэд суулгаж дуусгах байх. Энэ долоо хоногийн сүүл­чээс энэ ажил эхэлнэ. Тиймээс ху­гацаанаасаа оройтлоо, намар хураах ургацын хэмжээ буур­на гэж санаа зо­вох хэрэггүй. Ерөнхийдөө тариалалт удаашраагүй гэж ойлгож болно. Дизель түлшний хувьд ч холбогдох арга хэмжээг авсан.

-Тариалалтын зардал нэ­мэгдсэн нь үнэд хэрхэн нөлөөлөх бол?

-Үнэ нэмэгдэж магадгүй. Мэдээж тариаланчид тариа­лал­тын үед гаргасан зардлаа шингээж өгнө. Зах зээлийн зарч­маар л явна шүү дээ. Гэхдээ одоо үнэ хэрхэн нэмэгдэх талаар хэлэхэд эрт байна. Яамны зүгээс үнийн тал дээр “ингэ, тэг” гэх ямар ч үндэслэл байхгүй.

-Ургац хураах бэлтгэлээ хийж эхэлсэн үү?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яам гээд холбогдох газрууд ур­гац хураах бэлтгэлийг өнөөд­рөөс /өчигдөр/ эхэлсэн. Ирэх на­мар цаг агаар ямар байх нь тодорхойгүй. Тиймээс нам­рын ажлыг одооноос төлөвлөж эхлэх хэрэгтэй байдаг. Түүнчлэн ирэх онд тариалалт хийх талбайд удахгүй уринш хийж эхлэх гэж байгаа. Энэ ажилд ойролцоогоор 9000 тонн дизель түлш шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Т.УРАНГЭРЭЛ
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж