Грекийн банкууд даваа гаригаас ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Грекийн банкууд даваа гаригаас ажиллана

 

Европын төв банк (ECB) яаралтай санхүүжилтээ нэмэгдүүлснээр Грекийн банкууд  ирэх даваа гаригаас /VII.20/ ажиллаж эхлэх боломжтой болжээ. Афин европын зээлдэгч нартай тохиролцож чадаагүйн улмаас санхүүгийн тусламж авч чадалгүй Грекийн банкууд гурван долоо хоног орчим хаагдаад байв. Энэ хугацаанд Грекийн ард иргэд өдрийн 60 еврогоор амь зууж байлаа. Харин евро бүсийн сангийн сайд нар Европын холбооны тусламжийн сангаас “EFSM” Грект долоон тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ.

 

Үүний зэрэгцээ Германы парламент өнөөдөр /VII.17/ Грект шинээр санхүүгийн тусламж үзүүлэх талаар санал хураалт явуулах аж. Хэдийгээр Грек гурван жилийн хугацаанд 86 тэрбум еврогийн санхүүгийн тусламж хүлээж авах гэрээний болзлыг биелүүлсэн боловч европын зарим орнууд зөвшөөрөл өгөх шаардлагатай аж.

 

320 тэрбум еврогийн өртэй Грек улс гурав дахь удаагаа санхүүгийн тусламж авахын тулд тэтгэвэрийн нас, татварыг нэмэгдүүлэх эдийн засгийн хатуу арга хэмжээг авахаар болсон билээ. Гэсэн ч Грек улс ирэх даваа гаригт /VII.20/ Европын төв банкинд 4.2 тэрбум еврогийн өр эргүүлэн төлөх ёстой аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж