Гүтгэлэг, баривчилгаа, зорилго

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Гүтгэлэг, баривчилгаа, зорилго

– Өнөөдөр нэг сэтгүүлчийн, маргааш хэвлэл мэдээллийн байгууллагын, нөгөөдөр олон нийтийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг цензур тогтвол яах вэ? Сэтгүүлчийг барьж хорьсон үйлдэл нь чухамхүү ийм зорилгыг агуулж байгаа бус уу?-

Сэтгүүлч С.Баттулгыг наадмын өмнө хорьжээ. Энэ мэдээг олон нийт өөр өөрсдийнхөөрөө хүлээн авсан. Хүн гүтгэсэн сэтгүүлчийг яагаад хорьж болдоггүй юм… Ямар ч ял шийтгэлгүй үлдэх хэрэг үү гэх асуултыг олон хүн тавьж байна. Үнэн. Гэхдээ С.Баттулгын гэм буруутай гэдгийг шүүх тогтоогоогүй байна. Гэтэл шүүхийн өмнөөс хэзээний гэм буруутайг нь тогтоогоод, түүнийг яллачихсан явна. Сэтгүүлчид ч мэргэжил нэгт нөхрөө ял завшуулахаар өмгөөлөөгүйг энд анхааруулах нь зүйтэй биз. Тэгвэл үйл явдал хэрхэн өрнөв гэдгийг харвал арай өөр дүр зураг бууна. 

Долдугаар сарын 9-нд болсон шүүх хуралд Г.Буяндорж нарын шүүх хурал болж, хохирогчийн тал буюу С.Билэгтийн өмгөөлөгч П.Сарантуяа хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүхийн гаргасан тайлбарт энэ талаар “Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлтийг П.Сарантуяа гаргасан гэж тайлбарлаж. Хүсэлтийг ч шүүхээс хүлээн авч. Ингээд “Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан” гэх шүүхийн тайлбар байна. Хойшлуулах хүсэлтийг харин шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар гаргажээ. Ийм хүсэлт гаргах болсон шалтгаанаа “Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа” дурдаад “шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн тайлбар хийж. Харин түүний хүсэлтийг шүүх хүлээж авахдаа П.Сарантуяагийн хүсэлтийг ч хүлээн авч, хорих шийдвэр гаргасан байна.

Энэ хэрэг С.Билэгт, Г.Буяндорж нар биенээ залилсан тухай эрүүгийн гэмт хэргээс үүдэлтэй. Он удаан жил энэ хэрэг явсан ч шүүхээр хэрэгсэхгүй болсон. Гэсэн ч биенээ хэвлэлээр дайрсан хэрүүл нь өнөөг хүртэл үргэлжилсээр яваа. Харин С.Баттулга сэтгүүлчийн хувьд Г.Буяндоржийн төлбөрт мэдээллийг л сайтдаа байршуулсан. Түүнийх нь төлөө хэргийн хамсаатнаар татсан. Угтаа С.Баттулга гүтгэсэн бус Г.Буяндоржийн төлбөрт материалыг л нийтэлжээ. Гэтэл хэрэгт холбогдуулж, Г.Буяндоржийн хамсаатан мэтээр яллагдагчаар татаад буй нь хэрэг анхнаасаа л бишидсэнийг гэрчилнэ.

Харин П.Сарантуяа өмгөөлөгч “Нэг л мэдээллээ олон сонин, сайтад давтаж нийтэлж байгаагаас харахад зохион байгуулалттай, захиалгатай гэдэг нь илэрхий байна. Энэ бол шүүгдэгч нарын зүгээс явуулж байгаа үйлдэл гэдэг нь ч тодорхой болсон. Өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг зүйл ангиар ял сонсч байгаа хүмүүс шүү дээ” гэж ярилцлагадаа дурдаад буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатай мэдээлэл нийтэлсэн байж болно. Гэхдээ түүнийг нь С.Баттулга нийтлүүлсэн үү гэдгийг хэн ч тогтоогоогүй. Гагцхүү шүүх л тогтоох ёстой.

П.Сарантуяа өмгөөлөгчийн яриад буй бас нэгэн зүйл нь “Эдгээр хүмүүс гүтгэх гэмт хэрэгт холбогдсон мөртлөө дахин дахин хэвлэл мэдээллээр дамжуулан хохирогчийн эсрэг мэдээллийг гаргуулж байгаа нь гэмт хэргээ давтан үйлдэж байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм учраас цагдан хорих дараагийн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн” гэх үг. Энэ ярилцлагыг 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр буюу шүүх хурал болохоос 14 хоногийн өмнө өгчээ. Үүнээс харвал шүүхийн шийдвэр хэзээний гарчихсан байжээ гэх дүр зураг төрнө.

Ингэхдээ “..хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах үндэслэл байна..” хэмээн тодорхойгүй шалтгаанаар С.Баттулгыг цагдан хорьсон нь шүүгч хэт нэг талыг барьж ажиллаж байна уу гэх харыг эрхгүй төрүүлнэ.

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч П.Сарантуяагийн дайрч, доромжилсон зохисгүй үйлдлийн талаар сэтгүүлч С.Баттулга цагдаа болон МХХ-ны ёс зүйн хороонд гомдол гаргамагц шүүх хурал дээр “.. шүүгдэгч нар гомдол гаргаад биднийг шалгуулаад байна. Тиймээс хориод өг…” гэж П.Сарантуяа гомдол гаргасныг ёсоор болгосон талаар С.Баттулгын өмгөөлөгч гомдол гаргажээ. Үндсэн хуулиараа төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гээд ардчилсан нийгмээр замнасан тэр цагаас хойш бид тунхаглачихсан. Гэтэл шүүх гомдол гаргаж болохгүй гэж байгаа юм шиг нэг талыг сонсч хүлээн авсан байх юм. Ямар ч баримт, нотолгоогүй, хавтаст хэрэгт тусгаагүй асуудлыг ч шүүх эх сурвалж болгожээ.

Дээр нь яллагдагчийн өмгөөлөгчийг үг хэлэх эрхээр огт хангаагүй гэж С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа дурдсан байх юм.

Иймэрхүү л байдалтай үйл явдал өрнөж. Онц ноцтойгоор хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гээд буй энэ хэргийн болсон явдлыг тоочвол ийм. Гүтгэсэн эсэхийг нь тогтоохын тулд нотлох баримтанд тулгуурлах ёстой атал хууль, хяналтын байгууллагууд гол хэмжүүрээ гээгээд энэ хэрэгт хандаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлмээр үйл явдал өрнөжээ.

Тиймээс л шүүх хурал яг ямар байдлаар болж, ямар баримт, нотолгоонд тулгуурлан шийдвэрээ гаргасан бэ гэдгийг гэрчлэх бичлэгийг нь үзэх нь хамгаас чухал.

Гүтгэсэн, бусдын нэр хүндэд халдсан гэх иймэрхүү хэрэгт шүүх хэтэрхий нэг талыг барих тохиолдол бий. Зөвхөн хохирогчийн баримтыг баримтанд тооцож, сэтгүүлч бус мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн “но”-г олон нийтэд дэлгэснийхээ төлөө бусдын нэр хүндэд халдсан ялд унагадаг нь хэнд ч нууц биш. Баримт, нотолгооноос илүүтэй тухайн шүүгчийн ааш, аяг ямар байхаас хамаараад энэ төрлийн хэргийн хувь заяа шийдэгддэг жишиг тогтоод удаж буйг биеэрээ амссан хүний хувьд баримттайгаар хэлнэ. Ганц сэтгүүлч ч биш. Бичиж, нийтэлснийхээ төлөө хоригддог болсон жишээг инженер Батаас эхлээд олныг тоочиж болно. Энэ нь бидний сонгосон ардчиллын хамгийн гол амин сүнс. Холбогдох хууль, эрх зүйн орчиндоо яаралтай өөрчлөлт оруулж, асуудалд ул суурьтай хандахгүйгээр муу нэртэй, луу данстайгаар нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, хорьж, цагдан ял тулган хүлээлгэхийг санаархагчдад олон нийт боломжийг олговол хойшид буруу жишиг тогтох вий гэж эмзэглэнэ. Өнөөдөр нэг сэтгүүлчийн, маргааш хэвлэл мэдээллийн байгууллагын, нөгөөдөр олон нийтийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг цензур тогтвол яах вэ?

Сэтгүүлчийг барьж хорьсон үйлдэл нь чухамхүү ийм зорилгыг агуулж байгаа бус уу?

Л.НАРАНТӨГС 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж