Пакистаны супер модель Аян Али батлан даалтаар шоронгоос суллагджээ. Түүнийг өчигдөр /VII.16/ Равалпинди дэх Адиала шоронгоос суллан өндөр хамгаалалт дор гэрт нь хүргэсэн байна.
21 настай Аян Али өнгөрсөн гуравдугаар сард Исламабад хотын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан юм. Тэрээр цүнхэндээ 500 мянган ам.долларыг бэлнээр авч яваад саатуулагджээ. 10 мянган ам.доллараас их бэлэн мөнгө Пакистанаас авч гарах нь хууль бус аж. Ийм хэрэгт өндөр торгууль ноогдуулж, 14 жил хүртэл хугацаагаар шоронд хориг ял шийтгэдэг байна. Харин Аян Али хөрөнгөө зарсан мөнгөө авч явсан бөгөөд гаалийн хуулийг сайн мэдээгүйгээс хэрэгт холбогдлоо хэмээн тайлбарлажээ.
Аян Али бол Пакистаны хамгийн алдартай супер модель юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА