УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Урт нэртэй” хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэсэн хэдий ч хуралдаан эхнээсээ л нэлээд маргаан дагуулсан юм. Өдрийн 15 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж хурал эхлэх цаг 30 минут сунжирсан. Уван цуван орж ирсэн УИХ-ын гишүүд дунд Ц.Шинэбаяр байсан нь содон харагдаж байв. Хуралдаан эхлэхээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан, гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар уг асуудлыг хойшлуулах санал гаргалаа. Г.Баярсайхан гишүүн “Ажлын хэсгээс Ерөнхий сайдад албан тоот илгээсэн. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд ямар арга хэмжээ авч байгаа болон бэрхшээл тулгарч байгааг баримтаар нотлох нь зүйтэй гэдгийг сануулсан. Гэтэл өмнөх хуулиа цэгцлээгүй, Засгийн газар албан тоотод хариу ирүүлээгүй байхад шинэ хууль хэлэлцэх нь зүйд нийцэхгүй” хэмээсэн юм.
Харин Ц.Сэдванчиг Г.Баярсайханыг ажлын хэсгийн ахлагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг шүүмжлээд өнгөрсөн хугацаанд ямар шалтгааны улмаас нэг ч удаа хуралдуулаагүйгээ, тайлбарлахыг хүссэн. УИХ-ын гишүүн Д.Энхбат Г.Баярсайхан гишүүнтэй санал нэг байсан ба уул уурхайн компаниудын нэхэж буй төлбөрийг санхүүгийн байгууллагуудын баримтаар тогтоох нь зүйтэй гэсэн юм.
Харин байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Энэ асуудлыг хэлэлцэхийг гурван ч удаа хойшлуулж байсан. Өмнө нь байнгын хорооноос Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тиймээс энэ удаа хойшлуулах боломжгүй. Хурдхан нэг тийш болгох нь зүйтэй” гэснээр санал хураалт явуулсан юм. Хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтын дүнд 14 гишүүнээс зургаа нь “Хойшлуулах нь зүйтэй” гэсэн ч олонхийн саналаар “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийлээ. Тэрбээр “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийн тулд хууль батлахаас өмнө хуульд заасан газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниудын тусгай зөвшөөрлийг хураахын оронд нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийлгэх нь зүйтэй. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон нөхөн олговор олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг хүчингүй болгох нь “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл” хэмээсэн юм. Түүнийг танилцуулга хийсний дараа Б.Бат-Эрдэнэ гишүүн хуралдааныг бужигнуулж эхэллээ. Тэрбээр “Хэлэлцэх эсэхийг шийдэх санал 50:50 гэсэн хувьтай байхад байнгын хорооны дарга Дэгийн тухай хууль зөрчиж, асуудлыг хэлэлцүүлж байна” хэмээн байнгын хорооны дарга болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд руу зандарсан. Түүний хардлагын хариуг олохоор гишүүд сандралдаж, хэн хэн ямар санал гаргасныг тогтооход “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-аар Ц.Шинэбаяр гишүүн тодров. Тэрбээр санал хураах явцад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байсан атлаа маргаан дэгдэх үед “Би хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан” хэмээн мэтгэв. Харин протоколь хөтөлж байсан хүн “Ц.Шинэбаяр гишүүн асуудлыг хойшлуулахаар гар өргөөгүй. Бичлэг үзсэн ч болно” хэмээснээр маргаан намжих тийш хандаж байтал Б.Бат-Эрдэнэ гишүүн “Тэгвэл бид хуралдаанд оролцохгүй” хэмээхэд Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Д.Энхбат, Ц.Шинэбаяр, Р.Буд нар түүнийг даган хуралдааныг орхин гарсан юм. Тэднийг гарсны дараа байнгын хорооны гишүүд нэлээд сандралдсан боловч Ц.Шинэбаяр гишүүний хажууд сууж байсан УИХ-ын гишүүн Д.Арвин, Кёкүшюзан Д.Батбаяр нар “Ц.Шинэбаяр гишүүн хойшлуулах санал гаргаагүй” хэмээснээр хуралдаан үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Д.Арвин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн биш боловч уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харахаар хуралдаанд сууж байсан аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Байгалийнхаа баялгийг ашиглахгүйгээр амьдарна гэж байхгүй. Харин нөхөн сэргээлтийг чанаржуулах хэрэгтэй. Гэхдээ Засгийн газраас “Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд хийсэн ажлынх нь тайланг авах нь зөв” хэмээсэн юм. Үүгээр хэлэлцүүлэг дуусч, УИХ-ын чуулганы хуралдаанаар буюу маргааш уг асуудлыг хэлэлцэхээр боллоо. Хуулийн төслийн танилцуулгыг П.Алтангэрэл танилцуулах аж. Харин “Урт нэртэй” хуулийн анхны хувилбар хэрэгжээгүй. Асуудлыг цэгцэлж амжаагүй байхад уг хуультай холбогдох шинэ хуулийг байнгын хорооны хуралдаанаар оруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон нь Засгийн газрын хариуцлагагүй байдлын нэг илрэл. Уул уурхайн компаниудын лобби орсон гэх хардлага УИХ-ын гишүүдийн дунд үүсээд байна. Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй “хурал хаягчид” ямар нэгэн зарга үүсгэж мэднэ.
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин