Москвад Б.Дэлгэрмааг, Бээжинд Ч.Ганзоригийг

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Москвад Б.Дэлгэрмааг, Бээжинд Ч.Ганзоригийг

 

Монгол улсын гадаад харилцаанд онцгой байр суурь эзэлдэг улсууд бол яах аргагүй манай хойд, урд хоёр хөрш. Нэн ялангуяа сүүлийн хоёр жилд Монгол улсын хоёр хөрштэйгөө харилцах харилцаа шинэ дээд түвшинд гараад байгаа. Бүс нутгийн эдийн засгийн интеграцид орохгүйгээр Монгол улс хөгжлийн тухай ярилтгүй болж байгаа. Ямар ч улс гадаад харилцаандаа онцгойлон үзэж байгаа улс орнуудад суух Элчин сайдад маш өндөр шалгуур тавьж, өмнө хүрсэн дипломат харилцааны түвшингээ бууруулахгүй байхыг хичээдэг. Харин энэ жишиг Монголд тэр болгон мөрдөгдөх нь үгүй.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр Монгол Улсаас ОХУ болон БНХАУ-д суух Элчин сайдуудыг шинээр томилох гэж байгаа аж. ОХУ-д Ардчилсан намын хуучин кадр Б.Дэлгэрмааг, харин БНХАУ-д МАН-ын хуучин кадр Ч.Ганзоригийг томилохоор яригдаж байгаа юм байна. Ч.Ганзориг нь сүүлд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан, энэ албан тушаалаасаа бууснаас хойш нэг их сураг гараагүй. Харин “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлын албан тушаалыг хашдаг түүний хүү Г.Тэмүүлэн нь улс төрд, уламжлалт спортод ч нэрээ гаргаж яваа. Энэ жилийн наадмаар гэхэд хоёр ч насны морьдын түрүүг авсан. Хүүгийнх нэр гарах тоолонд эцгийнх нэрийг давхар хавчуулаад авдаг бараг уламжлал тогтсон гэлтэй.

Унаган орос хэлтэй, хуульч мэргэжилтэй Б.Дэлгэрмаа бол Монголын боловсролтой, чадалтай эмэгтэйчүүдийн нэг. Дипломат албаны туршлагатай. Тэрбээр Сингапур улсад Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүнийг Элчин сайдын албыг нэр төртэйгээр хашна гэдэгт итгэж болно. Харин Ч.Ганзоригийн Элчин сайдын албыг нам нь авч өгч байгаа гэсэн хов дагаад байна. Монгол улс БНХАУ-тай эдийн засгийн нягт харилцаатай, цаашид ч хоёр орны эдийн засаг, тэр дундаа уул уурхайн хамтын ажиллагаанаас бидний ирээдүй ихээхэн хамаарахаар байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан туршлагад нь МАН ихээхэн найдлага тавьж байгаа бололтой. Намынхаа найдварыг хөсөрдүүлэхгүй байж чадах болов уу.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж