Башкирын нийслэл Уфа хотноо долдугаар сарын 9-нд Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүд “болзож” асуудлаа ярилцав. Нэг ширээнд гурван хөршийн тэргүүнүүд тохой нийлүүлж суугаад ярилцана гэдэг хэдэн жилийн өмнө биелэшгүй мөрөөдөл байсан ч санаачлага гаргаад зүтгэвэл ажил хэрэг болдогийг уг уулзалт харуулсан юм. Гэхдээ энэ нь хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн хувьд хоёр дахь “болзоо”. Анхны уулзалт Тажикийн нийслэл Душанбе хотноо өнгөрсөн жилийн есдүгээр сарын 11-нд болсон нь үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн даруйдаа ажил хэрэг болгосон нь энэ байлаа.
ШХАБ, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн тохиосон хөрш гурван орны төрийн тэргүүнүүдийн хоёр дахь уулзалтаас талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг баталлаа. Замын зураглалд таван жилийн хугацаанд хэрэгжих ажлуудыг тусгаснаараа онцлогтой.
Гурван улсын эрх ашгийг нэг цэгт төвлөрүүлэхэд амаргүй байсныг эх сурвалжууд онцолж буй. Ингэхдээ Монгол Улс эрх ашигтаа нийцэх замын зураглалыг батлуулахын тулд томоохон бэрхшээлүүдтэй тулж, хэлэлцээр хоёр ч удаа мухардалд орж байжээ. Баримт бичигт гурван улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Эдгээрээс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр тохирсон ажлуудаас онцоллоо.
-Евроазийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүс болон Талын зам санаачлагыг нэгтгэн уялдуулах хэлбэрээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорт хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулах.
-Талуудын гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх ажлын хүрээнд түүний дотор талуудын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллагын хооронд хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлыг хэлэлцэх.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ төмөр зам байгуулах төсөл, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх зэрэг асуудалд талуудын санхүү, техник хамтын оролцооны асуудлыг судлах.
-Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ боловсруулах. Тэр дундаа Монгол, Орос, Хятадын төмөр замын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах боломжийг судлах.
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх тухай талуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан гарын үсэг зурах ажлыг НҮБ-ын ЭСКАТО-гийн хүрээнд үргэлжлүүлэх.
-Улаанбаатар хотын Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв байгуулах боломжийг судлах.
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу газрын тосны хоолой барих тухай тодорхой саналууд бүрдэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар харилцан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд талууд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж эхэлнэ.
-Банк хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тухайлбал, худалдааны санхүүжилт, зээл, тооцооны зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх хэлбэрээр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих.
-Даатгалын салбарын хамтын ажиллагааг дэмжих.
-Дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх гэж тусгайлан заасан юм.
Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийх ажлуудад дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
-Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор “Их цайны зам” олон улсын аялал жуулчлалын чиглэл байгуулах асуудлаарх тусгай ажлын хэсэг байгуулах.
-Их нуурууд: Байгаль /Орос/, Хөвсгөл /Монгол/ хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, цаашид БНХАУ-ын хил орчмын бүс нутаг болон “Талын торгоны зам” төсөлтэй холбох.
-Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны Орос, Хятад, Монголын Зохицуулах зөвлөлийн хуралдааныг жил бүр зохион байгуулах санаачлагыг дэмжих зэрэг асуудлууд багтаад байна.
Харин эдгээр ажлуудыг судлах ажил хоёр сарын дараа эхлэх юм.
ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ЮУ ЯРИВ?
Гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт одоо ч дэлхий дахины анхаарлыг татсан хэвээр байна. Тэр тусмаа хоёр том гүрний дунд орших, байгалийн асар их баялагтай Монгол Улс хөршүүддээ ямар санал тавив. Саналыг нь хөршүүд нь хүлээн авах уу. Өнгөрсөн жил Душанбед болсон уулзалтыг хэн хэрхэн дүгнэв, одоо юу хийх вэ гээд олон асуудал ар араасаа хөвөрч байна. Уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүд ямар асуудал хөндсөнийг тоймлон хүргэж байна.
ИРЭХ ЖИЛ УЛААНБААТАР ХОТОД УУЛЗАХ САНААЧЛАГА ГАРГАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ. Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр -Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх есдүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье.
Ирэх есдүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.
Үүнд:
“Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
“Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.
Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.
Үүнд:
Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.
Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.
Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.
Ирэх 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.
В.В. Путин: Түнш бүрийн сонирхлыг харгалзах нь төвөгтэй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин:-Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.
Өнөөдөр бид зарим нэг дүгнэлтийг хийх гэж байна. Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол тодорхой үр дүн.
Си Зиньпин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна
БНХАУ-ын дарга Си Зиньпин: Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах юм. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичгүүдэд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол улсууд хөрш бөгөөд стратегийн түнш юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой гэж үздэг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой.
Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой…
Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагаа нь түлхүү чухал салбар юм. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.
Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.
Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. ЕвроАзи тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэсэн юм.
Г.ДАРЬ