Формула-1-ийн 25 настай нисэгч Жюль Бьянки Японы Гран-Пригийн үеэр аймшигт осолд орсоноос хойш есөн сарын хугацаа өнгөрсөн ч ухаан ороогүй хэвээр байна. Түүний эцэг Филипп Бьянки хүүгээ ядаж ухаан оруулах ч найдлага бага байгааг цөхрөн ярьжээ.
“Үнэхээр тэвчишгүй юм аа. Өдөр бүр бид тамд байна. Заримдаа бүр галзуурчихмаар болдог. Миний хүү авто осолд ороод амиа алдчихсан нь бараг үүнээс дээр биз. Хамгийн гол нь бид хичнээн хичээж, хичнээн залбирлаа ч юу ч хийж чадахгүй байна.
Бидний амьдрал 2014 оны аравдугаар сарын 5-ний тэр өдөр зогсчихсон. Надад ажилдаа дуртай, сайн хүү байлаа. Тэр байнга л бидэнтэй ярьж, хөгжилтэй, өөдрөг зүйл өгүүлдэг байсан. Гэтэл гэнэт л ийм юм болчихсон. Бид хүүгээ ганцааранг нь орхихгүй гэсэндээ эмнэлгийн дэргэдээс ч холдохгүй байгаа.
Хүү минь эрэмдэг байдалтайгаар амьд явахыг хүсэхгүй байсан. Тэр нэг удаа бидэнд “Хэрвээ Михаэль Шумахерт тохиолдсон шиг зүйл над дээр ирвэл би амьдрахыг ч хүсэхгүй. Учир нь уралдах нь л миний амьдралын утга учир” гэж хэлж байсан” хэмээн Филипп Бьянки өгүүлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn