Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богд ууланд авирч байсан таван хүн сураггүй алга болж, харамсалтайгаар эндсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл талийгаачдын цогцсыг онгоцоор тээвэрлэн Алтай таван богд уулаас Улаанбаатар хот руу ирж байгаа аж.
ОБЕГ-аас алга болсон уулчдын цогцос мөн гэж таамаглаж байгаа ч хуулийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн байгууллагаас цогцсыг таниулах ажил буюу сураггүй болсон уулчдын ар гэрийнхэнд нь үзүүлж, шинжилнэ гэлээ.
Талийгаачдын цогцсыг Алтай таван богдын хүйтний хөндийгөөс олсон. Энэ хөндий нь цас ихтэй, нисдэг тэрэг шууд очих боломжгүй учраас 10-15 километрийн зайнд бууж, цогцсыг дээрх зайнд онцгойгийн албан хаагчид явганаар тээвэрлэн авчирчээ.
Сураггүй болсон уулчдын баг хоёр эмэгтэй, гурван эрэгтэйгээс бүрдэж байсан. Гишүүдийн хамгийн ахмад нь 57 настай эмэгтэй, гурван эрэгтэй нь 30-40 гаруй дунд эргэм настай, нөгөө эмэгтэй нь 21 настай байжээ. Талийгаачид бүгд уулын спортын сонирхогч байсан бөгөөд Алтай таван богдод анх удаа авиралт хийж байсан байна.
Долдугаар сарын 12-ны өглөө эдгээр уулчид алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирснээс хойш эрлийн багийнхан яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Эрлийн багт Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн болон зэргэлдээх Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрын уулчин аврагчид, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй “Монголиа экспедишн” компанийн уулчид ажиллажээ. Талийгаачдын ар гэрийнхний зүгээс ОБЕГ хугацаа алдаж ажилласан гэж шүүмжилж байгаа юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ