Сүхбаатар дүүргийн IX, X, XI хорооны нутаг дэвсгэрт 46 мянган хүн амтай, засаг захиргаа, худалдаа, бизнесийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн бүхий 10950 айлын орон сууцны цогцолбор барих төлөвлөгөөг батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тодорхой хэлбэл, төслөө баталж, тууз хайчилснаас хойш таван жил болов. Улсын хэмжээнд долдугаар хороололтой дүйцэхүйц томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил өмнө нь төлөвлөж байгаагүй юм. Тиймээс энэ хороолол алсдаа нийслэлийн шинэ төв, гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулах ажлын эхлэл байх юм. Мэдээж нийслэлийг хөгжүүлэх, иргэдээ эрүүл тав тухтай орчинд амьдруулах ёстой. Үүнтэй холбогдуулан долдугаар хорооллыг барилгажуулах ажил ямар шатанд явааг сонирхлоо. Юун түрүүнд Сүхбаатар дүүргийн IX хорооны Засаг дарга Н.Ганцацралтай уулзсан юм. Тэрбээр “Иргэдийн 80 гаруй хувь нь газраа чөлөөлөхөд бэлэн байгаа. Гэхдээ амин хувийн эрх ашгаа бодож, их мөнгөнд санаархагчид цөөнгүй. Тухайлбал, “Зөв гарц” хэмээх төрийн бус байгууллага байна. Энэ байгууллагын ажилтнууд иргэдэд “Газраа битгий зар, үнэд хүргэх хэрэгтэй” гэж ухуулаад байна” хэмээн ярив. Харин иргэдтэй уулзвал “Зөв гарц” ТББ-аас хүмүүс ирж “Хашааныхаа газрыг 100 сая төгрөгөөс доош үнээр зарж болохгүй шүү” гэж захисан” гэлээ. Зөвхөн энэ төрийн бус байгууллагаар тогтохгүй хашаандаа 2-3 давхар, өнгө үзэмжгүй байшин барьчихаад үнэрхэж суух иргэд ч ийм ухуулга хийж байгаа сурагтай. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжийн зохицуулагч менежер Д.Даваадулам “Үнэ хөөрөгдөж байгаа хүмүүстэй хүч хавсрах иргэд байна. Зам дагуу хашаатай зарим нь байшин барьж эхэллээ. Нэгэнт төлөвлөгөө гаргачихсан болохоор тэр хүмүүсийн хувьд байшин бариад нэмэргүй л дээ. Дэмий л мөнгөө үрж байгаа хэрэг. Гэхдээ иргэдийн олонхи нь нүүх, орон сууцанд амьдрах сонирхолтой байгаа” хэмээн ярьж байна. Зах зээлийн ханшаар барилгын компаниуд нэг га газрыг тэрбум төгрөгөөр худалдан авч, орон сууц барьдаг юм билээ. Үүнтэй адил төр ч бас долдугаар хорооллыг барилгажуулахын тулд ийм ханшийг иргэдэд санал болгож байна. Одоогоор тодорхойгүй байгаа ч 300 метр квадрат талбайтай хашааг нэг өрөө байр, түүнээс том талбайтай бол хоёр, гурван өрөө байраар солихоор болжээ. Үүнийг мөнгөөр тооцвол 30-70 сая буюу зах зээлийн ханштай дүйцнэ. Тэгэхээр үнэ хөөрөгдөх, “Зах зээлийн ханш биш байна” гэж улайрах шаардлага байхгүй мэт. Тэгээд ч хотын төвд хог хаяж, хөрс, агаар бохирдуулсных нь төлөө зах зээлийн ханшийг санал болгохоос өөр яах билээ.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин