Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд гарчээ. Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэргийн талаар болоод өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг дэвсгэр болох Хөндлөн гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн байжээ.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлсан байна.
Мөн долдугаар сарын 10-нд Замын-Үүдийн боомтоор иргэн С 43.1 гр мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завдсаныг хил, гаалийнхан илрүүлсэн байна.
Иргэн С-д Эрүүгийн хуулийн 192.2, 183.3 дахь заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. Уг хэрэгт хууль, хяналтын байгууллагын 3-4 алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Мөн наадмын өдрүүдэд Улаанбаатараас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 (2014 онд 5) хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 (2014 онд 2) нь явган зорчигч байсан бөгөөд 14 (2014 онд 3) нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар байсан байна.
Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 -2015.07.13) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага мэдээлэл ирүүлснээс зам тээврийн осол хэргийн 822 (2014 онд 959) дуудлага хүлээн авч ажилласан байна.
Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 (2014 онд 12) тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22) бүртгэгдсэн судалгаа байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ