С.Баттулгыг суллахгүй бол сэтгүүлчид тайван жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

С.Баттулгыг суллахгүй бол сэтгүүлчид тайван жагсаал хийнэ

info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. 

Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байна. Иймээс тэд яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харах, сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан бичгийг хүргүүлж байгаа юм.

Мөн шүүхийн ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ дагуу долдугаар сарын 9-ний өдрийн сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг мэргэжил нэгт нөхөд нь хүсч байна.

Хэрэв  сэтгүүлчдийн тавьсан шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлэхгүй бол БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүхийн гадна сэтгүүлчид ажил хаялт зарлаж, тайван жагсаал хийнэ гэсэн юм.

Сэтгүүлч С.Баттулга нь “Ноёд” ХХК-ийн өмч хөрөнгийн маргааны асуудлаар тус компанийн захирал С.Билэгт гэгчийн тухай баримтат нийтлэл бичсэнийхээ төлөө шүүхээс ял сонсож, хоёр дахь удаагаа ийнхүү цагдан хоригдсон гэж сэтгүүлчид мэдээллээ.

Одоогоос нэг жилийн өмнө АНУ-д онц ноцтой гэмт хэргийг судлан баримттайгаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө хоригдсон сэтгүүлчийг тус улсын хэвлэлийн 42 байгууллага хамтран ажиллаж, хууль зөрчин хорьсныг илрүүлэн мэргэжилт нэгт андаа суллуулж байжээ. Яг энэ жишээ шиг Монголын хэвлэлийн салбарынхан дуу нэгтэйгээр мэргэжил нэгт нөхрөө хамгаалах хэрэгтэйг санууллаа.

Мөн энэ удаагийн баривчилгааг Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийсэн алхам” гэж үзэж буйгаа сэтгүүлчид илэрхийллээ.

Сэтгүүлч С.Баттулгын олон нийтэд бэлтгэж хүргэсэн “Ноёд” компанийн маргаан, захирал С.Билэгт гэгчийн тухай мэдээлэл нь бүгд эх сурвалжтай.

Гэхдээ холбогдох хэргийг хуулийн байгууллага одоо ч эцэслэн шийдээгүй байгаа.  Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцэж,   “СЭТГҮҮЛЧИЙН ХУУЛЬД НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД ХИЙХЭЭ ЗОГСОО, СЭТГҮҮЛЧИЙГ СУЛЛА” хэмээн сэтгүүлчдийн төлөөлөл, эрх бүхий байгууллагуудаас шаардаж байна.

Д.УЛАМБАЯР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж