Адольф Гитлерийн гарын үсэгтэй “Германыг еврей нараас цэвэрлэх нь зүйтэй” гэсэн утга агуулга бүхий элэгдэж шарласан нэгэн захидлыг анх удаа Нью-Йоркт олон нийтэд үзүүлсэн байна. Гитлер 1919 онд Германы армийн суртал ухуулагч байхдаа бичсэн "Entfernung der Juden" буюу “Германыг еврей нараас цэвэрлэх” гэсэн үгстэй захидлыг еврейчүүдийн эрхийг хамгаалах “Simon Wiesenthal Center” байгууллага 1988 онд нэгэн хүнээс 150 мянган ам.доллараар худалдан авч байжээ. Гитлер уг захидлаа Дэлхийн II дайны үед Германы армид алба хааж байхдаа мэдээлэл өгч байсан тагнуул Адольф Гемлих гэгчид хаяглажээ. Германы Рейхийн түүхийн маш чухал баримт болох уг захидлыг бичсэн өдрөөс хойш 22 жилийн дараа Гитлер Рейхийн Канцлер болж, еврейчүүдийг хоморголон устгасан юм. Бичгийн машинаар бичсэн захидлын дээрх үгс Рейхийн гол уриа болж байсан билээ.
Захидлыг анх 1945 онд Нюрембергийн ойролцоох нацистуудын архиваас нэгэн америк цэрэг олж, түүхэн эд өлгийн худалдаачинд худалдсан ажээ. Түүнээс хойш захидал эртний эдлэлийн худалдаачдын гар дамжсаар 1988 онд еврейчүүдийн эрхийг хамгаалах “Simon Wiesenthal Center” байгууллагад ирсэн байна. Гемлихт хаягласан Гитлерийн уг захидал еврейчүүдийг устгах төлөвлөгөөг илчилсэн хамгийн анхны түүхэн баримт ажээ.
1919 онд уг захидлыг хэрэв хэн нэгэн нь олж уншсан бол дэмий зүйл гэж бодох байсан тэдгээр үгс 22 жилийн дараа захидалд бичигдсэн шигээ биелсэн билээ. Захидлыг Лос-Анжелес дахь хэлмэгдэгсдийн музейд ирэх долдугаар сараас олон нийтэд үзүүлэхээр дэлгэх гэнэ.
Н.Энх