Лалын бага хурлын байгууллагыг Казахстан тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Лалын бага хурлын байгууллагыг Казахстан тэргүүлнэ

Арабын орнуудын хувьд анхаарал хандуулахгүйгээр өн­гөрч үл болох үйл явдлууд үр­гэлжилж байна. Ойрхи Дорнод дахь түгшүүртэй байдал улс орнуудын Засгийн газар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орлоо. Энэ бүс нутаг хэдийнээ тогтворгүй гэж тооцогддог байсан ч өнөөдөр өрнөж буй үйл явдлуудын цар хүрээг түүхэн гэж хэлж болохоор байна.

Энэ оны зургадугаар сараас Казахстан улс лалын ертөнцийн 57 улс орныг нэгтгэсэн, гишүүн орнуудын тоогоор зөвхөн НҮБ-ын дараа ордог Лалын бага хурлын байгууллага (ЛБХБ)-ыг тэргүүлэх болно. Гишүүн болоод удаагүй ч Ка­захстанд ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа нь тус улсын эдийн засгийн хөгжилд гаргасан амжилт, олон үндэстэн, соёл иргэншил, шашин хооронд эв найрамдлаа хадгалж үлдсэнийг баталсан хэрэг болов. 

ЛБХБ-аас анхааран ажилладаг асуудлуудын хүрээ маш өргөн боловч сүүлийн үед Ойрхи Дорнодод нүүрлэсэн хямрал эдийн засгийн  тэгш бус байдлыг арил­гах, бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд асуудлуудад түлхүү анхаарахад хүр­гэлээ.

Эхний асуудлыг эдийн зас­гийн харилцаа холбоог бэхжүүлэх замаар шийдвэрлэж болох бөгөөд энэ чиглэлд өсөлтийн томоохон боломж байна. Учир нь ЛБХБ-ын гишүүн орнуудын хоорондох худалдааны эргэлтийн хэмжээ нь нийт худалдааны дөнгөж 16 хувьтай тэнцэж буй. Үүнд гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн жигд бус байдал ч нөлөөлнө. Казахстан улс тус байгууллагыг даргалах хугацаандаа ЛБХБ-ын хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, 2015 он гэхэд тус бүс дэх худалдааны эргэлтийг 20 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. ЛБХБ дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын байнгын төлөөлөгчийн хэлсэнчлэн гаалийн татваргүй худалдаа эрхлэх, бараа, капиталын чөлөөт хөдөлгөөнийг дэмжих зэргийг зохицуулах зарим бичиг баримтад гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Харин бүс нутгийн мөргөлдөөний тухайд, нийгэмд түгшүүртэй байдал бий болсноос шалтгаалж байна. Өмнө нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн гэхээр Палестин, Израилийн хоорондын зөрчил хэмээн тооцдог байсан бол өнөө үед тус бүс нутгийн улс орнууд дахь тогтворгүй байдал нь шашны мөргөлдөөн, туйлшрах үзэл гаарах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг аль болох хурдан шийдвэрлэснээр иймэрхүү хямрал цаашид дахин нүүрлэх эрсдэлийг бууруулна. Үүнд Казахстаны турш­лагыг ашиглах хэрэгтэй. Казахс­тан улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ыг тэргүүлэх хугацаандаа буюу 2010 онд бүс нутгийн мөр­гөлдөөнийг шийдвэрлэж чаддагаа харуулсан. Үүнийг нь ч олон улсын хэмжээнд үнэлсэн билээ. Тухайлбал, Литва улсын Гадаад хэргийн сайд Уулын Карабахын мөргөлдөөнийг шийдвэрлэх Казахс­таны туршлагыг судална гэдгээ хэлсэн. Мөн ЛБХБ-ын гишүүн орнуудын Гадаад хэр­гийн сайд нарын уулзалтын үеэр Киргизийн хямралыг зохицуулахад Казахстан улс хэрхэн оролцсоныг сайшаасан. Ойрхи Дорнодын хувьд, лалын шашинтай дорнод, шашнаас ангид өрнөд хоёрын хооронд бү­тээлч хэлэлцээ хийж чадах улс гэж Казахстанд ихээхэн найдлага тавьж байгаа.

Энэ хоёр соёл иргэншлийн хооронд харилцан ойлголцлын гарц бий болгоход ихээхэн бэрхшээл байгаа нь нууц биш. Барууныхан Арабын ертөнцөд лалын шашны үүргийг дутуу үнэлж, терроризм, туйлшрах үзэлтэй холбон лалын шашинтны эсрэг үзлийг дэвэргэдэг. Харин Казахстанд лалын шашинтан олонхи боловч төр нь шашнаас ангид тул өрнөд, дорнодын үнэт зүйлсийг олон шашны үзэлтэй эвтэйхэн хослуулсан нийгэм юм. Энэ утгаараа өрнөд, дорнодыг ойртуулах үүргийг гүйцэтгэхэд түлхүүр болж чадна. Тиймээс ч ЛБХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Экмеледдин Исханоглу нь Ка­захстаны дип­ломатчдын чармайлтаар бий болж буй ЛБХБ ба ЕАБХАБ-ын үр бүтээлтэй хамтын ажиллагааг цохон тэмдэглээд “Казахстан улс ЛБХБ-ыг даргалах болсон нь гишүүн орнуудад ихээхэн хүлээлт, найдвар төрүүлж байна” гэжээ.

У.ОРГИЛМАА
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж