Б.Пүрэв: Эрдмийн зөвлөлийн хурал Хууль сахиулах байгууллагуудын хөгжил дэвшилд ач холбогдолтой хурал болсон
Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, хошууч генерал Б.Пүрэвтэй уулзлаа. ЦЕГ-ын дарга, Ерөнхийлөгч асан Б.Багабандийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн саяхны хурлаар хууль сахиулах чиглэлээр бэлтгэгдэж буй шинэ боловсон хүчин, цагдаагийн хамгаалалтын хэрэгсэлтэй холбоотой зарим асуудлыг хөндсөн. Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцсанаа хүргэе.
-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг боловсруулж, Монголын цагдааг дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон хүний нэг нь та. Харин өнөөдөр тэднийг цахим гав, явуулын иж бүрэн аппараттай болгох Инновацийг 2015-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэд боловсруулаад байгаа. Энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
-Манай цагдаа нарын хэрэглэдэг төмөр, метал гав нь нэг кг шахам жинтэй. Гэтэл өнөөдөр манайхаас бусад улсад ийм гав хэрэглээнээс гарчихаад байна. Тэдгээр улс орнуудад хэрэглэдэг цагдаагийн гав нь бугуйвчтай төстэй. Хүчнийхэн гэмт хэрэгтний гарт тухайн бугуйвчийг зүүж, жижигхэн удирдлагаар удирдаж, өөрөө зэрэгцээд явдаг болсон байна лээ. Ийм гавийг нэвтрүүлэх талаар ярьж байгаа юм. Гэхдээ гадныхан ийм дэвшилтэд технологийг ашигладаг гээд манайхан хэт туйлширч болохгүй. Нөгөө талаас энэ болгоноос сурах, суралцах зүйл бидэнд их байна.
Хэв журам, замын цагдаа нарын үйл ажиллагааг хөнгөвчлөх жижиг оврын компьютер, дүрс, дуу бичлэгийн аппаратуудыг бөөнөөр нь гаднаас аваад байлгүй Монголдоо угсарвал хүртээмж, үнийн хувьд ч ашигтай гэж харж байгаа. Мэдээж эдгээрийг дотооддоо угсарч, хэрэглээнд нэвтрүүлхэдэ их, дээд сургуулиудын ололт, баазыг ашиглах, хувийн хэвшлийнхний дэмжлэг, эрдэмтэн мэргэжилтнүүд, техникийн ажилтнууд, туршилтын лабораториудтай хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал.
-Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, хүчнийхэн удахгүй цахим гав хэрэглэнэ гээд энэ салбарт бодитой шинэчлэлүүд хийгдэж байгаа бололтой. Та салбарынхаа шинэчлэлд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Ер нь хууль сахиулах байгууллагад багагүй шинэчлэл хийгдэж эхэлсэн. Гэхдээ шинэчлэл бүр зөв явагдахгүй байна. Шинэчлэлийг зөв хийх ёстой. Гол нь тухайн шинэчлэлийг хийснээр одоогийнхоос ямар ахиц гарах уу, ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Шинэчлэл нэрээр зарим тохиолдолд өмнөхөө дордуулсан явдал байна. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-д дахин өргөн барьсан нь үүний тод жишээ юм. Тиймээс шинэчлэлийн зорилго, үр дүнг сайн тооцох шаардлагатай.
-Тэгвэл УИХ-аар хэлэлцэгдэж буй нэр бүхий хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль, Цагдаагийн хуулиудын зарим нь УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа. Түрүүчийн хуулийг муулж, сайлаад янз бүрээр хэлдэг ч аль алинд нь авууштай шинэ юм бий. Мэдээж эдгээр хуулиудад шинэчлэх, заримыг нь хэвээр үлдээх зүйл байна. Цаг үеэ дагаад шинэчлэл хийгдэх зайлшгүй шаардлагатай хууль ч бий. Энэ бүгдэд гадны улс орны туршлагыг авч хэрэгжүүлнэ гээд байгааг би хувьдаа дэмждэг. Гадныхны алдаа оноог нь дэнсэлсэн бэлэн хуулийг туршихгүйгээр шууд нэвтрүүлнэ гэдэг манайхны хувьд цаг, зардал хэмнэсэн том боломж. Нөгөөтэйгүүр, Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой улс, үндэстэн. Аливаа хууль, журмыг дотооддоо нэвтрүүлэхдээ Монголын онцлогийг сайн харгалзах хэрэгтэй. Учир нь Европд хэрэгждэг хууль Баянхонгорт таарахаа байдаг. Тэгээд ч хүмүүсийн гарал, үүсэл, боловсрол, ёс заншлын хувьд ч тэр европын хууль өөр л дөө. Тэгэхээр хүн төрлөхтний ололтаас суралцахаас өөр аргагүй.
-Хууль сахиулахын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Энэ удаагийн эрдмийн зөвлөлийн хурлаар өөр ямар асуудлыг хөндсөн бэ?
-Манай сургуулийн Эрдмийн зөвлөл байгуулагдаад 25 жил болж байна. Өнгөрсөн онд Хууль сахиулахын үйл ажиллагаанд инновацийг нэвтрүүлэх чиглэлээр эрдмийн зөвлөл хуралдаж, тодорхой төлөвлөгөө гаргасан. Харин өнөөдөр энэ сэдвийг нэлээд гүнзгийрүүлж хэлэлцсэн. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд инновацийн ололтыг хэрхэн нэвтрүүлэх, үүний тулд Хууль сахиулахын их сургууль юу хийх хэрэгтэйг онцгойлон авч хэлэлцсэн. Мөн эрдмийн зөвлөл цаашид хийх ажлынхаа чиглэлийг ярьж, тогтлоо. Тэр дундаа орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололтыг хууль сахиулах ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх вэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болсон. Инновацийн зөвлөл “Гарааны компани” баягуулах шийдвэр гаргалаа. Эдгээр нь яриа практик ажиллагаанд шилжиж буйг харуулж буй юм.
Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль, хэв журам сахиулах ажилд төрөл бүрийн нисдэг болон нисдэггүй аппарат ашиглах тухай ярилцлаа. Хэмжээ, жин ихтэй гав, бороохойг хүртэл шинэчлэх асуудлаар ч ярилцсан. Тэгэхээр аль аль чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажил их байна. Энэ утгаараа ХСИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал Хууль сахиулах байгууллагуудын ажиллагаанд нэлээд нөлөөтэй, сургуулийн хөгжил дэвшилд ач холбогдолтой хурал болсон.
Б.БАТ