Украины зүүн хязгаарын босогчдын хүчний тэргүүн Игорь Гиркинийг Малайзын агаарын тээврийн Боинг-777 онгоцыг пуужингаар харвасанд буруутгав.
Малайзын МН17 нислэгийн 18 зорчигчийн ар гэрийнхэн хамтран АНУ-ын Чикаго хотын шүүхэд Игорь Гиркиний эсрэг зарга үүсгэсэн байна. Тэд Игорь Гиркинээс 900 сая ам.долларын нөхөн олговор шаардаж байгаа аж. Хохирогчдын ар гэрийнхэн “Бидэнд мөнгө чухал биш. Бид Гиркинээс хариулт шаардаж байна. Бас олон улсын шүүхийн ажиллагаанд ОХУ-ыг хамтран ажиллахад шахалт үзүүлэх зорилготой” хэмээжээ.
Салан тусгаарлагчид Украины АН-26 онгоцыг сөнөөсөн хариуцлагыг хүлээж, ”Тэдэнд манай тэнгэрт нисч болохгүй гэж анхааруулсан” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэнээр анхаарал Игорь Гиркинийг чиглэсэн аж. Энэхүү постны доорх сэтгэгдэлүүдэд салан тусгаарлагчид Боинг-777 онгоцыг андуурч пуужингаар харвасан гэх хардлага их байжээ.
Амстердамаас Куала Лумпур хүрэх МН17 нислэг Украины зүүн хязгаарын дээгүүр нисч явахдаа пуужинд оногдон сүйрсэн юм. Боинг-777 онгоцонд зорчиж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн билээ.
Үүний зэрэгцээ Малайзын агаарын тээврийн компанийн эсрэг Рейнэ Далзиел гэгч зорчигчийн нөхөр Камерон зарга үүсгэсэн байна. Тэрээр Малайзын агаарын тээврийн компанийн хариуцлагагүй байдал осолд буруутай гэж үзжээ. Камерон Далзиел “Украины зүүн хязгаар олон улсад зөрчил мөргөлдөөний бүс гэж хүлээн зөвшөөрөгдөөд байсан. Тиймээс ч АНУ тэр бүсээр онгоцны нислэг үйлдэхийг хориглоод байсан” хэмээн мэдэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Telegraph