Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр болсон Парисын “Их дуулга”-д түрүүлснээр чансаагаа нэлээд ахиулж, гуравдугаарт бичигдсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа “Их дуулга”-ын хоёр дахь цувралд мөн аваргалсан. Ингэснээр тэрбээр алтан медаль, мөнгөн шагналаас гадна чансааны 300 оноо авснаар дэлхийн чансааны гуравдугаар байраа баталгаажууллаа. Тэрбээр өдгөө 1292 оноотой. Түүний өмнө бичигдсэн хоёр тамирчин хоёул Японы жүдочид бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Юүка Нишида 1830, харин Мисато Накамура 1660 оноотой байгаа юм. Харин М.Бундмаагаас хойш эрэмбэлэгдсэн тамирчдын тухайд ерөнхийдөө оноогоор тасарсан гэж болно.
Москвагийн “Их дуулга”-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Мөнхзаяа чансаа ахиж, өдгөө жингийнхээ ангилалд 644 оноотой 12 дугаар байрт бичигдээд байгаа бол хүрэл медалийн эзэн болсон ОУХМ Д.Төмөрхүлэг 60 кг-ын жинд чансаагаараа мөн 12 дугаарт эрэмбэлэгдээд байна. Тэрбээр 582 оноотой байгаа юм. Онцлоход, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олимпийн эрх бүхий дэлхийн чансааны эхний 20 байрт Монголын гурван тамирчин багтаж буй. Нэг жингийн өрсөлдөгчид, амидаа нар болох Г.Болдбаатар 510 оноотой 16 дугаарт, Ч.Болдбаатар 500 оноотой 17 дугаар байрт тус тус жагсчээ. Энэ жинд Узбекистаны жүдоч Ришод Собиров 2370 оноотой тасархай тэргүүлж байна. Харин 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ноёлж буй. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн чансааг тасралтгүй тэргүүлж буй тэрбээр 1478 оноотой байгаа бол араас нь нэхэж буй ОХУ-ын алдарт бөх Алим Гаданов Москвагийн “Их дуулга”-д аваргалснаар 1340 оноотой болоод байна. Мөн энэ жинд ОУХМ С.Мияарагчаа 712 оноотой 10 дугаар байрт бичигджээ.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн топ 20-т Монголын нийт 12 жүдоч багтаад байна. Эдгээрээс эрэгтэйчүүдийн дөрвөн жинд найман тамирчин, эмэгтэйчүүдийн мөн дөрвөн жинд дөрвөн жүдоч байгаа юм.
Монголын жүдочид дэлхийн чансаанд:
Эрэгтэй 60 кг:
1. Ришод Собиров /Узбекистан/ – 2370 оноо
2. Георгий Зантарая /Украйн/ – 1224
3. Хироаки Хираока /Япон/ – 1000
…12. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 582
…16. Г.Болдбаатар /Монгол/ – 510
17. Ч.Болдбаатар /Монгол/ – 500
Эрэгтэй 66 кг:
1. Х.Цагаанбаатар /Монгол/ – 1478 оноо
2. Алим Гаданов /ОХУ/ – 1340
3. Жунпей Моришита /Япон/ – 1280
... 10. С.Мияарагчаа /Монгол/ – 712
Эрэгтэй 73 кг:
1. Ван Ки-Чун /БНСУ/ – 1524 оноо
2. Дирк ван Тичелт /Бельги/ – 1010
3. Декс Элмонт /Голланд/ – 1000
… 16. С.Ням-Очир /Монгол/ – 486
Эрэгтэй 81 кг:
1. Ким Жэ-Бум /БНСУ/ – 1760 оноо
2. Леандро Гуильерро /Бразил/ – 1300
3. Иван Нипонтов /ОХУ/ – 882
…63. О.Ууганбаатар /Монгол/ – 63
Эрэгтэй 90 кг:
1. Илиас Илиадис /Грек/ – 1416 оноо
2. Такаши Оно /Япон/ – 1306
3. Дайки Нишияма /Япон/ – 1288
…36. Э.Энхбат /Монгол/ – 266
Эрэгтэй -100 кг:
1. Такамаса Анаи /Япон/ – 1536 оноо
2. Хенк Грол /Голланд/ – 1224
3. Максим Раков /Казахстан/ – 1084
… 14. Н.Түвшинбаяр /Монгол/ – 582
15. Б.Тэмүүлэн /Монгол/ – 580
Эрэгтэй +100 кг:
1. Тедди Ринье /Франц/ – 2080 оноо
2. Ислам эль Шехаби /Египет/ – 1540
3. Андреас Тоелцер /Герман/ – 1186
…73. Б.Сугаржаргал /Монгол/ – 61
…91. Х.Мөнхбаатар /Монгол/ – 40
Эмэгтэй 48 кг:
1. Томоко Фүкүми /Япон/ – 1830 оноо
2. Харуна Асами /Япон/ – 1610
3. Алина Думитру /Румын/ – 1110
… 15. М.Уранцэцэг /Монгол/ – 566
… 26. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ – 336
Эмэгтэй 52 кг:
1. Юүка Нишида /Япон/ – 1830 оноо
2. Мисато Накамура /Япон/ – 1660
3. М.Бундмаа /Монгол/ – 1292
Эмэгтэй 57 кг:
1. Каори Мацүмото /Япон/ – 1850 оноо
2. Тельма Монтейро /Португаль/ – 1548
3. Сабрина Фильцмозер /Австри/ – 1264
... 28. Т.Баттөгс /Монгол/ – 282
Эмэгтэй 63 кг:
1. Ёшиэ Уэно /Япон/ – 1888 оноо
2. Гевриз Эманэ /Франц/ – 1760
3. Клаудия Малцанн /Герман/ – 1030
… 12. Ц.Мөнхзаяа /Монгол/ – 644
Эмэгтэй 70 кг:
1. Люси Деко /Франц/ – 1832 оноо
2. Эдит Бош /Голланд/ – 1350
3. Анетт Мешарос /Унгар/ – 1276
… 29. Ц.Наранжаргал /Монгол/ – 250
Эмэгтэй -78 кг:
1. Акари Огата /Япон/ – 1424 оноо
2. Ян Сьюли /Хятад/ – 1396
3. Каяла Харрисон /АНУ/ – 1266
…14. П.Лхамдэгд /Монгол/ – 618
Эмэгтэй +78 кг:
1. Мегүми Тачимото /Япон/ – 1650 оноо
2. Мика Сүгимото /Япон/ – 1210
3. Цинь Цьян /Хятад/ – 1164
…28. Д.Цэрэнханд /Монгол/ – 283