Азийн тал нутаг дахь сонгодог урлаг

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Азийн тал нутаг дахь сонгодог урлаг

Ийм утга бүхий гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Шиела Мэльвин “Нью-Йорк таймс” сонины өчигдрийн дугаарт бичжээ. Уг нийтлэлийг товчлон сонирхуулж байна.

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын неоклассик загварын ягаан байшин Чингис хааны томоо хөшөөг урдаа залсан Парламентийн ордонтой нь хаяа залган оршдог. Уртын дуу, хөөмийн аялгуугаараа дэлхийд илүүтэй танил болсон Монгол оронд өрнийн соёлыг түгээгч энэ театр ийнхүү нийслэл хотынхоо зүрхэнд байрладаг.

1950-аад оны үеэс олон арван монголчууд сонгодог урлагт мэргэшихээр ЗХУ-ыг зорьсон. Мөн Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж, өрнийн соёлт урлагийн үндэс суурийг тавьсан билээ. “Тэр үед Моцартын нэрийг мэддэг хүн өдрийн од шиг ховор байлаа шүү дээ” хэмээн Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өгүүлэв. Тэрбээр мөн л хойд хөршдөө хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн.

Аравдугаар сараас долдугаар сарыг хүртэл амралтын өдөр бүхнээр үзэгчдээр дүүрэн байж, жилдээ Пуччини, Вердигийн агуу бүтээлүүдээс бүрдсэн 14 дуурь, 14 балет тоглодгоор нь Монголын сонгодог урлагийн театрын хэр амжилттай ажиллаж байгааг дүгнэж болох юм. Найрал болон гоцлол дуучид, бүжигчид, тайзны зураач, найруулагчдаас гадна тоглолт бүхний аялгууг өөрсдийн гараар амилуулахаар цаг наргүй ажилладаг найрал хөгжимчид энэ театрын өрхийн гишүүд.

“Би уламжлалаа хадгалж үлдэхийг хүсдэг. Хүмүүс надаас асуудаг юм. Яагаад танай театр орчин үежиж, өөрчлөгдөж болохгүй гэж? хэмээн асуудаг. Хоёр янзын театр байдаг. Нэг нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Нөгөө нь огт өөрчлөгдөлгүй бүгдийг хуучин хэвээр хадгалж үлддэг. Миний менежмэнт бол хадгалж үлдэх” хэмээн театрын захирал, Оросод төгссөн мэргэжлийн балетчин бүсгүй Б.Сэргэлэн ярив. “Европоос, Францаас олон хүн ирж “Кармен”-ийг үзээд уйлдаг. Энэ бол хуучны сайхан дурсамж” гэж тэрбээр нэмж өгүүллээ. Хуучнаа хадгалж үлдэх энэ консерватив маягийн менежтэнтийн үр дүнд тус театр яг нэг ижил “Кармен”-ийг 30 жил тоглож байгаа. Өрнөдийн бүтээлүүдээс гадна эд Монголын хөгжмийн зохиолчдын бүттээлүүдийг урын сандаа чамлахааргүй ихийг оруулсан.

Энэ өдрүүдэд театр Хүннү гүрний хаан Атиллагийн тухай балетийг шинээр тавихаар ажиллаж байна. “Атилла зүгээр нэг цусанд дуртай, тулаанч хүн байгаагүй. Түүхийн баримтуудаас харахад их ухаалаг, эелдэг, боловсон хүн байсан. Тэр талаас нь Атилла хааныг харуулахыг зорьсон” гэж бүжиг дэглээчээр ажиллаж эхлэхээс өмнө балетчин байсан ноён А.Батдэлгэр сонирхууллаа. Тэрбээр шинэ балетийн хөгжмийг бичин, мөн өөрөө бүжгийг нь дэглэн найруулж байгаа юм. Энэ балетад Атилла хаан үхэлтэй тулалдана. Гэвч тулааны төгсгөлд хэн ялсан нь тодорхойгүй. Атилла юу, үхэл үү?

Дөрөвдүгээр сард тус театрт очиход Вердийн “Аида” дуурийн хувцас хэрэгслийг үйлдвэр ангийнхан урлаж байсан. Тайзны чимэглэл болох том том баримлуудыг ч бас хийж байлаа. “Аида”-г ирэх онд говь нутагт очиж тоглох төлөвлөгөөтэй байгаа тул говийн халуунд бат бэх байхаар тооцон тайзны чимэглэлээ хийж байгаа гэсэн.

“Сонгодог урлагт дэмжлэг хэрэгтэй. Гэвч хэн нэгнийг байнга тусалж дэмжээд байвал бэлэнчлэх сэтгэлгээнд автдаг тал бий” хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өгүүлсэн юм.

Өнөөдөр уул уурхайн үсрэнгүй хөгжил нь Монгол улсыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчраад байна. Энэ хэрээр өөр бусад салбар, ялангуяа урлагийн салбарт үзүүлэх гадны тусламж дэмжлэг нэмэгдэх боломжтой. Сэргэлэн захирлын театрынхаа бүх хүмүүсийн цалинг нэмэх мөрөөдлийг энэ боломж биелүүлж мэдэх л юм. “Тэд маань урлагт хайртай. Харин би театртаа хайртай” хэмээн тэрбээр инээмсэглэв. “Монгол дэлхийд алдартай болж байна. Эдийн засаг, эрдэс баялгаараа. Би энэ боломжийг ашиглах ёстой” гэж тэр ярилаа.

Тус нийтлэлийг англи хэл дээр бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж