Малчин Доржийн хувьцаа ба брокерийн үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Малчин Доржийн хувьцаа ба брокерийн үйлчилгээ

Миний бие 536 ширхэг хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шалгахаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн цахим хуудсанд зочиллоо. Регистрийн дугаараа ашиглан үзтэл, дараах бичиг гарч ирэв. Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Та Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгээгүй  байна. Хэрэв Та дансаа нээлгэхийг хүсвэл энэ цахим хуудсыг ашиглан брокер дилерийн компаниудын мэдээллийг авч үйлчлүүлнэ үү” гэжээ. Энэ гэснийх нь дагуу цааш аялахад 47 брокер дилерийн компанийн хаяг, холбоо барих утсыг  жагсаажээ. Ямар компанийг нь сонгох нь иргэн таны эрх гэнэ. Ямар чиг л байсан аль нэгэн брокерийн компанийг сонгож, дансаа нээлгэх учиртай. Хүн бүхэн интернэтээр аялдаг болсон өнөө цагт дээрх  мэдээллийг авах амархан санагдаж байж болох юм. Гэтэл малчин Дорж хүртэл 536 ширхэг хувьцаагаа шалгаж, улмаар данс нээлгэж ирээдүйд их мөнгө авчрах хувьцааны арилжаанд оролцоход бэлтгэх ёстой.Манайд интернэт хэрэглэгчдийн тоо 450 мянгад хүрсэн гэсэн албан бус судалгаа байдаг. Гэтэл интернэтийн үйлчилгээ, гэрэл цахилгааны хүртээмж  хөдөө, орон нутагт хэр түвшинд байгаа билээ. Монголын бүх сум  интернэтэд холбогдсон гэж ярьдаг ч өнөөдөр төвийн эрчим хүчинд холбогдоогүй дизель станцаар амиа аргацаадаг сум гарын арван хуруунаас давсан тоотой. Хөдөө, орон нутаг битгий хэл, Улаанбаатар хотод гэрэл цахилгаангүй суугаа өрх цөөнгүй байгаа гэж бодохоор энэ нь тийм ч амар хялбар шийдэгдэх  ажил биш бололтой. Тэгвэл хэрхэх ёстой вэ?

Малчин Дорж ч өнөөдөр болдог бол хувьцаа эзмшигч болсон үгүйгээ шалгаж үзээд, дансаа нээлгэчих юмсан хэмээн санааширч хонио хариулж яваа байх. Гэтэл интернэтээр дансаа шалгаж үзээд, “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцаа  эзэмшиж байна” гэсэн сайхан өгүүлбэрт тайвширах хэрэггүйг “Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, “Монгол-999 үндэсний нэгдэл” ХК-ийн ТУЗ-ын Ажлын албаны дарга Б.Аюуш онцолж байгааг дуулгая.

Та юуны өмнө сүүлийн үед ашигтай бизнес байж магадгүй гэж монголчуудын хошуураад байгаа брокер, дилерийн компаниудаас аль нэгийг нь сонгож, хувьцааны харилцах данс нээлгэх учиртай. Ингэснээр иргэн Та 536 ширхэг хувьцаагаа эзэмших эзэмшлийн эрхээ албан ёсоор баталгаажуулж  байгаа гэдгийг Б.Аюуш хэлж байна. Тэрбээр “Сүүлийн үед брокерийн компаниудад данс нээлгэхээр хандах хүмүүсийн идэвх суларсан.Ингэж тайвшрах нь уг нь буруу юм. Монголчууд хувьцаа эзэмших асуудалд цагийг нь тулгачихаад яарч сандардаг зангаараа хандаж болохгүй. Анх 36 ширхэг хувьцааг  эзэмшүүлэхээс өмнө Тавантолгойн хувьцааг тараах тухай цуурхал нийгэмд гарах үед ҮЦТТТХТ-д  урт дараалал үүссэн. Тэрхүү  ачааллын үед  хоногт дунджаар 2500 данс нээж байсан. Гэтэл энэ эрчээр явлаа гэж бодоход бүтэн 3.6 жилийн хугацаа шаардагдахаар байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 400 мянга гаруйхан  нь данстай. Үлдсэн 2.3 сая иргэн данс нээлгэх ажилд идэвх чармайлттай оролцоход дээр дурдсан цаг хугацаа шаардагдахаар буй юм” гэж тайлбарлав.

Харин одоо малчин  Доржид хувьцааг яаж хүргэх вэ гэдэг асуудал руугаа эргээд оръё.

Монгол хүн бүр нэгэнт төрөөс эзэмших эрхийг нь өгсөн 536 ширхэг хувьцааныхаа жинхэнэ эзэмшигч нь яаж болох вэ гэдэг  асуултад  хариулт олъё. Б.Аюуш “Ногдол ашиг хуваарилах үйлчилгээний хялбар боломж нээгдэж байгаа.Онлайн сүлжээ ашиглаж, мэдээллийг эх орны аль ч өнцөг буланд хүргэх боломжтой.Электрон гарын үсгийн хууль гаргахаар ажиллаж байгаа.Тэгэхээр электрон гарын үсгийн тусламжтайгаар цахим мэдээллийн санд нэвтэрч, төлбөр тооцоо хийж, арилжаанд оролцох боломжтой болно.Иргэний цахим үнэмлэхийг Улсын бүртгэлийн газар энэ оны эцсээр бэлэн болгохоор төлөвлөж байгаа юм билээ” хэмээв.

Мэдээллийн эрин зуунд гарч ирсэн гайхамшигт боломжийн нэг нь маргаангүй гар утас мөн. Хөдөө,орон нутгийн иргэд гар утастай болсноос хойш нэлээд хугацаа өнгөрч, малчин Дорж ч 2-3  төрлийн гар  утас хэрэглэж байгаа нь яахын аргагүй  үнэн. Электрон гарын үсгийн хууль гаргаж, хэрэгжүүлэх юм бол зөвхөн тухайн хүн өөрөө нэвтэрдэг хувийн нууц кодоо ашиглан гар утаснаасаа хувьцааны ногдол ашгийн мэдээллийг хүссэн  үедээ авах бүрэн  боломжтой  болох аж. Мэдээж үүнийг нэвтрүүлэхтэй холбоотой хийх ажил багагүй байх нь ойлгомжтой.
Хувьцааны нэрлэсэн үнийг мартах  хэрэгтэй

Хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шалгаж, данс нээлгүүлэхээс урьтаж иргэдийн бодолд сум шиг харван орж ирж байгаа нэг зүйл нь 536 ширхэг хувьцаа нийтдээ  хэдэн төгрөг болох бол оо. Нэрлэсэн үнэ нь  хэд байх юм бэ? гэдэг чухал байгаа.  Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд ажиллаж, их бага хэмжээгээр туршлага хуримтлуулсан  мэргэжилтнүүд  “Иргэдэд хувьцааны нэрлэсэн үнэ танд огт хамаагүй гэдгийг хэлээд өгөөч ээ, сэтгүүлчид ээ” хэмээн  учирлаж байна. Энэ үгийг “Монголын хөрөнгийн бирж”-ийн ТУЗ-ын дарга Б.Болд, “Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Аюуш гэх мэтийн хөрөнгийн зах зээлийн учир начрыг сайн мэдэх хүмүүс учирлаж байгаа юм. Тухайлбал, Б.Болд  “Нэрлэсэн үнэ ард түмэнд огт хамаагүй, тэрийг бүр мартчих хэрэгтэй. Хувьцаа нь  эрэлт, нийлүүлэлт дээр  тогтдог санхүүгийн  бараа учир иргэдэд зах зээлийн үнэ л хамгийн чухал гэдгийг хөрөнгийн зах зээлийн талаарх  сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр  онцоллоо.

Мөн иргэдэд энэ удаагийн хувьцаа  цэнхэр, ягаан тасалбар шиг болохгүй  гэсэн баталгаа байна уу гэсэн болгоомжлол бий.  Тэгвэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар  “Ягаан,  цэнхэр тасалбар шиг болгохгүйн тулд эхний ээлжинд тодорхой хугацаанд зарахыг нь хязгаарлаж байгаа юм. Энэ хязгаарласан хугацаанд хоёр ажил хийнэ.Иргэдэд  олон улсын хөрөнгийн зах  зээлийг шинжилж чаддаг мэдлэг чадвар шаардлагатай. Мөн хувьцаа гэж ямар учиртай, яаж хэрэглэвэл амьдралд хэрэгтэй талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй.Энэ бол төрийн үүрэг” хэмээн ярьсан.Б.Аюуш  ч иргэдэд хувьцаагаа нэг хэсэгтээ зарах хөдөлгөөн хийхгүй байх боломж нөхцөлийг нь төр юуны өмнө бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр эхний ээлжийн ногдол ашиг хуваарилж, иргэдэд  хувьцаа эзэмших нь ашигтай юм байна гэсэн итгэл үнэмшлийг бодитоор мэдрүүлэх явдал юм. Ингэснээр зарж үр шимийг нь хүртэхгүй өнгөрөхөөс сэргийлнэ  гэж үзэж байна.

Харин сүүлийн үед арилжааны банк брокерийн үйлчилгээ  эрхлэх тухай яриа гарч байгаа нь Б.Аюушийн санааг зовоож байгаа гэнэ. Тэрбээр “Арилжааны банкаар дамжуулж ногдол ашиг олгодог туршлага зарим хөгжилтэй  оронд байдаг. Жишээ нь, ХБНГУ-д  бий. Манай  орны  хувьд  энэ нь тийм ч тохиромжтой сайн зүйл биш. Учир  нь, банк  бол андеррайтерийн үйлчилгээг эрхэлж болно. Харин брокерийн үйл ажиллагааг эрхэлж болохгүй. Хэрвээ банк брокерийн үйлчилгээг эрхлэх юм бол харилцагчийн мөнгө, үнэт  цаасыг  захиран  зарцуулах  эрхтэй  болно  гэсэн  үг. Хөрөнгийн зах зээлийн бүх үйлчилгээг банкинд  даатгах хэрэггүй. Банк дангаараа ноёрхсон гаж санхүүгийн тогтолцоо нь манай санхүүгийн  системийг эрсдэлд  оруулах магадлалтай. Харин харилцагч өөрөө кастодиан банк буюу мөнгөн хөрөнгөө итгэмжлэн дамжуулах арилжааны банкийг  сонгож, үйлчлүүлж  болно. Кастодиан банкны үйлчилгээ бол үнэхээр өнөөдрийн цаг үед манайд  зайлшгүй шаардлагатай байгаа” гэж ярьсан. Түүний нэг болгоомжлоод байгаа зүйл нь  банк нь брокерийн үйл ажиллагааг эрхлэх юм бол иргэдийн хувьцааг худалдаж авах нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа юм.

Унтаа брокерийн  компаниуд үнэд оров уу?

ҮЦТТТХТ-д бүтгэлтэй 47 компаниас гадна Санхүүгийн зохицуулах  хороонд  брокерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл олноороо ирж байгаа мэдээлэл бий. Өнөөдрийн ҮЦТТТХТ-ийн цахим хуудсанд дурайж байгаа 50-иад брокер дилерийн компаниас хэд нь хөдөө, орон нутагт салбартай вэ? Энэ асуудлыг Тавантолгойн хувьцаа тараах тухай  шуугианы үеэр  сонирхоход  “Би Ди Сек” компани Төв аймаг, Эрдэнэтэд салбартай гэхээс илүү мэдээлэл байдаггүй байсан. Харин хүн бүр хувьцаа эзэмшигч болсонтой холбоотойгоор “Eurasia Capital” групп өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Орхон, Дархан-Уул,  Даланзадгадад салбараа  нээсэн дуулдав. ТӨХ-ны  дарга  Д.Сугар ч “1990-ээд оны үед цэнхэр, ягаан тасалбар тараах үед брокерийн компаниудыг бүх орон нутагт нээж байсан. Одоо ч нэмж нээх ёстой” хэмээн ярьсан байсан.

Брокерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Дүгэржаваас тодруулахад, “Сүүлийн үед брокер дилерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд  олноор ирж байгаа нь үнэн. Хуулинд заасан нөхцөлүүдийг  бүрдүүлээд ирж байгаа болохоор татгалзах үндэслэл гарахгүй байгаа. 2002 оны хуулинд зааснаар бол брокерийн компанийн дүрмийн сан 50 сая төгрөг.  Гэтэл санхүүгийн орчин өөрөө  өөрчлөмтгий байдаг учраас хуулинд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэв.

Брокер дилерийн компани зөвхөн  данс нээгээд амар баяжиж болохоор юм байна гэсэн бодлоор энэ бизнес  рүү хошуурч, брокерийн компани борооны дараах мөөг шиг олшрох  хандлага нийгэмд  бий болжээ. Төрийн өмчийн хорооноос  брокер, дилерийн компаниудын босгыг өндөрсгөх шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьж эхэлсэн  нь сайшаалтай.  Мөн монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болсонтой холбоотойгоор  брокерийн компаниудын эрэлт ихэсч, 50-иад брокерийн компанийн  ихэнх нь худалдагдаж  байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэв. Гэхдээ энэ бол хэн нэгэн албаны хүний амнаас сонссон үг биш, албан бус мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Хөрөнгийн биржтэй хамт 20 жил унтсан манай брокерийн компаниуд өмнө нь огт санаж бодож байгаагүй  боломжийн үнээр борлогдсон гэсэн мэдээлэл үнэн байх талтай. Учир нь, хүн бүр хувьцааны арилжаанд оролцоод, хөрөнгийн зах зээл хөгжөөд ирэхээр хүссэн хүсээгүй   брокерийн үйлчилгээ мөнгө ахиу олдог чухал байгууллага болж хувирна гэж ярих хүн цөөнгүй. Бодоод үзэхээр, тийм  үндэслэл байх талтай учраас бизнесийн гүйлгээ ухаантай зарим нь боломжийг урьдчилж хараад, худалдаж авч байхыг  үгүйсгэхгүй. Энэ нь гэхдээ буруу нь юу байх вэ? Хамгийн гол нь брокерийн компаниудын шаардлага шалгуурыг өндөрсгөж, үйлчилгээг нь өргөжүүлэн чанаржуулж, зөв хөгжүүлэх учиртай.

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж