Нарны илч хайр гамгүй шарж, ид халуу шатаад газар хүртэл ангаж цангасандаа омголтож энд тэндээ хагараад хаа тэртээх говь нутгийн зэрэглээ эх нутгийн жалга, гудамжаар хаа сайгүй сэлгүүцнэ. Энэ жил бүр онцгой халуун байна шүү хэмээн өвөр зуураа ярилцах авч өмнөх жилүүдэд ингэж халсаны дараа өвөл яаж тачигнаж, хүн малыг хэцүүдүүлж байсныг үл санана. Хүн гэгч ийм л мартамхай амьтад. Өнгөрснөө, ялангуяа алдаа эндэгдлээ тэр даруйдаа мартах хэрнээ дахин дахин өнөөх алдаа эндэгдлээ давтах.
Олон ч зүйлийг мартах юм даа. Өнгөрснийхөө муу муухайг үл мартаж түүн дээрээ сургамж авч ирээдүйдээ аль болох алдаа эндэгдэл бага гарган сайн сайхан өөд улам бүр тэмүүлж амьдрах нь хүмүүн төрхтний ёссон. Өнгөрсөн үйл явдлын учир шалтгаан өнөө улам бүр тодорхой болж байна. Юун дээр бид алдав гэдэг дээр өмнөхөө залгамжилсан төр засаг ч, ард түмэн ч өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаа биз ээ хэмээн найдна.
Харин бидний ой тойнд мартагдахааргүй үлдсэн нэгэн зүйл гэвэл бичин жилийн зуд. Өвгөчүүл бичин жилийн зудны талаар халаглан ярьж, бэлтгэл ажлаа базаахыг сануулдаг ч бид сүүлд нь амаа барих нь бий.
Тэгвэл өнөөдөр Монголын нийт нутгийн тавиас илүү хувьд нь гантай байна. Гэтэл төр засгийн зүгээс үүнд анхаарлаа хандуулж, хадлан тэжээлээ базааж, тариа ногоогоо хэрхэн услан ургуулж, өвлийг өнөтэй давах талаар доривтой хийсэн ажил алга. Тэдний хийх дуртай цорын ганц зүйл болох шахаад буй сандал, ширээний хэрүүлээ үргэлжлүүлсээр…
Хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлах тухай ярьж байса. Улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь гэж магнай тэнийсэн хүмүүсийн урмыг “МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирэх наймдугаар сарын 3-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна” гэж их хурлын дарга хугалав. Харин иргэдийн төлөөлөл нэртэй УИХ-д суугаа намчид “УИХ-д өргөн бариагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, сайдуудыг чөлөөлж, томилох нь хуульд нийцэхгүй гэж гэдийж байна.
Ямартай ч тойргоо эргэнэ гэх нэрийдлээр төрийн түшээд ирэх сонгуулийнхаа сурталчилгааг хийж, найр, наадам эргүүлэхээр нутгийн зүг жолоогоо заллаа. Тэд ирсэн ч дахиад л сайдыг солих хэрүүл. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд ажлаа хийх боломж, бололцоог олгохгүй байсаар бичин жилийн зудтай золгож, зуд нүүрлүүлсэн шалтгаанаар туг дахиж ч мэдэх нь. Үнэндээ Ерөнхий сайд хэн байх нь иргэдэд падлийгүй. Харин аж амьдралд нь хэрэгтэй бодлогоор дэмжих нь л чухал.
Зуны сар зургаа, намрын сар найм биш болохоор биднийг хүлээхгүй нь ойлгомжтой.
Өнгөрсний гашуун сургамжаас иш татвал 1944 оны бичин жилийн зуднаар 9,2 сая мал, 1956 оны зуднаар 2,2 сая, 1968 оны зуднаар 4,4 сая мал хоргодсон гашуун тоо дурайж байна.
Харин ардчилсан хувьсгал гарахаас өмнө хадлан тэжээлээ сайн бэлтгэж, өвлийн бэлтгэлээ доривтойхон базаадаг байснаас хохирол багатайгаар гардаг байжээ.
Муу амласан ч юм биш, энэ жил их хэцүүхэн жил болох талаар цаг уурчид анхааруулж байна. Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс ихэнх айлууд өвөлжөө, хаваржаандаа зусч буй талаар онцгой байдлынхан онцолж байна. Бид энэ жил төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ. Дайран дээр давс гэгчээр отрын бүс нутаг Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын нутаг гандуу байгаагаас энэ жил отроор мал оруулах боломжгүй болжээ.
Гэтэл Монголын мал төллөлтийн дараа 69 сая өнгөрч 70-аад саяд хүрч буй талаар мэдээлэл бий. Хөдөө аж ахуйн яамныхан малаа махлаж зарахыг малчдад санал болгож, урамшуулал олгох тухай яриад эхэллээ.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-нд гаргасан мэдээллээр, “Нийт 21 аймгаас есөн аймгаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатар аймгуудад зуншлага хэвийн байна. Харин үлдсэн 12 аймгийн нийт 133 сумын 66 нь гантай, 67 сум нь гандуу байна. Энэ нь 2015-2016 оны зуншлага, намаржилт, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харуулж байна” гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар сануулж байсан. Газар тариалан, отрын бүс нутаг гундуу байгаа болохоор бид хэцүүхэн өвөлтэй тулгарах нь хэнд ч ойлгомжтой боллоо. Тариаланчид тариа, ногооны болц муу байгаад сэтгэл зовнин ярьж байна.
Ингэлээ гээд бид бэлтгэлээ базааж байж л өвлийг давна уу гэхээс ном уншуулж бороо оруулаад эсвэл монгол хүн амны бэлгээр болох байлгүй дээ гээд суувал модоо барина.
Аймаг, сумдын тэгш ой тэмдэглэх мөнгөөрөө хадлан тэжээлээ базаагаад авбал дараа дараагийн ойгоо тэмдэглэх зохиолтой л үлдэх нь.
Ерөнхий сайд ч гандуу байгаа аймгийн Засаг дарга нарт найр, наадам хийхийг хориглоод, намрын ажлаа эртнээс зохион байгуулахыг үүрэгдвэл өнөөдөр нүдээ олж, олны талархлыг хүлээсэн хэрэг болжээ гэдгийг хожмоо ч гэсэн дурсах нь гарцаагүй.
Наадам сайхан л боллоо. Намрынхаа ажил руу ханцуй шамлаад дайрах цаг болсон биз ээ.
Л.НАРАНТӨГС