Таван уулчин ор сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.14-нд нийтлэгдсэн

Таван уулчин ор сураггүй алга болжээ

Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд эл ойд зориулсан авиралт наадмын үеэр болж, Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб, уулын спорт сонирхогч, аялагчид Алтай таван богдыг зорьжээ.

Харамсалтай нь, эл авиралтын үеэр таван залуу  ор сураггүй алга болоод гурван хоног болж байна.

Ар гэрийнхнийх нь мэдээлснээр тэд хамгийн сүүлд буюу долдугаар сарын 11-ний өдөр холбоо барьснаас хойш сураггүй болжээ.

Сураггүй болсон таван хүн аль нэг клуб, нэгтгэлийн зохион байгуулалтад хамрагдаагүй, сайн дураараа оролцож байсан гэх албан бус мэдээлэл байна. Долдугаар сарын 12-ны өглөө эдгээр уулчид алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирснээс хойш эрлийн багийнхан яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Эрлийн багт Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнт болон зэргэлдээх Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрын  уулчин аврагчид, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй “Монгол экспедишн” компанийн уулчид ажиллаж байна. Эрлийн багийнхан сураггүй болсон залуусын хамгийн сүүлд холбоо барьсан цэгт очсон ч ямар нэгэн ул мөр олдоогүй гэнэ.

Сураггүй болсон уулчдын ар гэрийнхэн ОБЕГ-ын үүдэнд байгаа бөгөөд мэдээ ирэхийг хүлээж сууна. Ууланд алга болсон залуус мэргэжлийн бус, ууланд авирах сонирхолтой хүмүүс бөгөөд ээлжит аяллаа хийж байжээ.

Сураггүй алга болсон залуусын гэр бүлийн төлөөлөл болох н.Долгорсүрэн "Таван хүн амьд эсэх нь мэдэгдэхгүй алга болчихоод байхад улсын Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд У.Хүрэлсүх эрлийн багийн хүний тоог нэмэх, нисдэг тэрэг гаргаж өгөх зэрэгт хойрго хандаж байна" гэсэн гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж