Үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлэн уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн бол Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэсэн.
Тэгвэл энэ жилийн баяр наадмаар тив, дэлхий, олимпийн наадамд монгол улсынхаа нэрийг гаргасан жүдо бөхийн шилдэг тамирчид зодоглолоо. Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр гурвын даваанд цэргийн начин Д.Цэрэнтогтохыг давсан ч удаах даваанд аймгийн хурц арслан А.Алтанхуягт унажээ. Улсын харцага Н.Түвшинбаярыг давсан аймгийн хурц арслан А.Алтанхуяг тавын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давснаар улсын начин цолонд хүрсэн юм.
Мөн энэ жилийн баяр наадмаар жүдо бөхийн шилдэг тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг барилдсан. Улсын харцага Ч.Даваадорж агсаны хүү тэрээр нэг давсан ч хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягт унажээ. Тив дэлхийн монгол улсынхаа нэрийг олон удаа гаргасан Д.Төмөрхүлэг хамгийн сүүлд “Чингис хаан” гранпри тэмцээнд түрүүлсэн юм.
Жүдо бөхийн шигшээ багт багтаж, +100 кг-д барилдаж байсан улсын начин Б.Сугаржаргал хоёрын даваанд аймгийн арслан Ө.Сүхбатад унажээ. Мөн энэ жилийн наадамд "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медаль, Гавьяат тамирчин С.Ням-Очир зодоглосон юм.
Ч.БОЛ