Оюутолгойн 34 хувь эргэлзээгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойн 34 хувь эргэлзээгүй боллоо

Төрийн ордонд сая Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлт болон Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш, “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүн, Зэсийн бүлгийн ерөнхий захирал Эндрю Хардинг нар гарын үсэг зурлаа.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2010 оны гуравдугаар сарын 31-нд баталсан. Ингэснээр Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон юм. Эдгээр гэрээ хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтайгаар шийдвэрлэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай эрчимтэй хийснээр энэ үр дүнд хүрчээ.

Эдгээр гэрээнд гарын үсэг зурснаар Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байх асуудлыг гэрээний холбогдох заалтуудаар давхар баталгаажуллаа. Гарын үсэг зурсны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүн, Зэсийн бүлгийн ерөнхий захирал Эндрю Хардинг нар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Мэдээллийг удахгүй хүргэх болно.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж