Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нэг сарын аян зохион байгуулсан байна.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд зөвхөн Нарантуул зах тойрч амьдардаг тогтмол 70 гаруй, ирж очиж орогнодог 200 гаруй тэнэмэл, архины хамааралтай иргэд байдаг гэсэн судалгааг Нарантуул дахь цагдаагийн тасгаас өгсөн.
Тиймээс дүүргээс уг арга хэмжээг зохион байгуулсанаар нэг сарын хугацаатай хийгдсэн аян архины хамааралтай тэнэмэл 70-аад иргэн, нутаг “Эгэл амьдралын мөр” ТББ-т бүртгэлтэй 18 иргэнийг хамруулсан байна. Эдгээр иргэдээс 22 иргэнийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус 13 байгууллага хийсэн байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй байгуулсан гурвалсан гэрээний дагуу хамгийн олон иргэнийг нийгэмшүүлж, ажлын байраар хангасан “Ноён трейд” компани, дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 2, болон Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг аянд идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагад өргөмжлөл гардуулжээ.
Мөн сарын хугацаанд ажлын байрандаа тогтмол байж, өөрийгөө дайчлан ажиллаж, нийгэмшиж, байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн иргэн н.Буяндэлгэр, С.Гомбо болон гэргий Б.Гүнжинлхам нарт “Шижирт гүн” ХХК-иас ивээн тэтгэсэн таван ханатай Монгол гэрийг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хүлээлгэн өгч, наадмын өмнө дээрх иргэд өөрийн гэсэн гэртэй болжээ.
Г.ХОРОЛ