Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод “Тоёота” корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг өнөөдөр бэлэглэлээ. Дээрх арга хэмжээ Чингисийн талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Ард түмний маань сэтгэгдэл ч сайхан байгаад баяртай байна. Нийслэлтэй хамтран ажилладаг Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд өөрийн шинэ загварын автомашиныг бэлэглэж байгаад нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Энэ нь манай тамирчдад урам зориг өгсөн үйл явдал болж байна. Э.Оюунболдынхоо гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олонд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аварга болоорой” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “1963 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Даяар Дуурсагдах Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа түрүүлж олон түмнээ баясгаж байжээ. Харин 53 жилийн дараа Э.Оюунболд маань энэ түүхэн амжилтыг давтаж түрүүллээ. Шинэ Арсланд маань хурдтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан шинэ загварын хүлэг бэлэглэж буй Тоёота корпорацийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Монгол Улсын Арслан Э.Оюунболд “Маш их баяртай байна. Ард түмнийхээ итгэлийг дааж улам хичээж барилдана” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Г.ХОРОЛ