Эрдэс баялгийн салбар дахь Монгол-Америкийн хамтын ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбар дахь Монгол-Америкийн хамтын ажиллагаа

Уулын инженер, профессор Пунсалмаагийн Очирбатын байнгын булан

  
Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах боломжийн тухай санааг 1991 оны
нэгдүгээр сарын 23-ны өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай цагаан ордны
зууван танхимд уулзах үед би анх хэлсэн түүхтэй. Тэгэхэд миний
Ерөнхийлөгч Бушид хэлсэн зүйл бол        “ Монголд уран, нефтийн салбарт
хамтарч ажиллах боломж бий. Та бодож үзээрэй” гэж хэлсэн. Хариуд нь Буш
“Сонин асуудал байна. Хөрөнгө оруулалтын асуудлыг манайд хувийн
хэвшлийнхэн шийддэг юм” гэж хэлсэн юм. 1990 оноос хойш Монгол-Америкийн
хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт хэрхэн өрнөсөн байдлыг товч
өгүүлье.
   1990 оны эхнээс Монголын Эрэл геофизикийн цогцолбор
экспедицийн харьяанд Газрын тосны ангийг зохион байгуулж Их Британий
“BP”, Америкийн “Филлипс Петролеум” компанитай хамтран геологи-геохимийн
анхан шатны ерөнхий судалгаа хийж, Монголын газрын тосны хэтийн
төлөвийн үнэлгээ хийсэн. 1991-1992 онд Америкийн “Вестерн Жеофизикал”
компанитай гэрээ хийж Дорноговь, Тамсаг, Баянтүмэний сав газарт
чичирхийлэлтийн судалгаа хийсэн.
   1994 оны 9 дүгээр сард Америкийн
“Нескор энержи” компанитай хамтарсан үйлдвэр байгуулж, анхныхаа
өрөмдлөгийг Цагаан элсний орд дээр хийсэн.
   Монголын нефтийн
судалгаа хайгуулын шинэ үеийн эхлэл болсон эхний өрөмдлөгийг эхэлсэн  
ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие оролцож, баяр хүргэж хэлсэн
үгэндээ  “Та нарын өрөмдөж эхлэх гэж буй энэ цооногоос Монголын шингэн
хар алт олгойдон оргилж, дөрвөн зүг найман зовхистоо цацран манай эх
орны иргэн бүрийн гоёлын дээлийг мялаах болтугай” гэж ерөөсөн юм.
1995
оны 4 дүгээр сард Америкийн “Соко” корпораци Тамсагийн Тосон уулын 19
дүгээр талбайд анхныхаа өрөмдлөгийг хийж эхэлсэн юм. Хоёр жилийн дараа
1997 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Тамсагийн Тосон уулын 19 дүгээр
талбайн 3 дугаар цооногоос нефть байгалийн хий оргилон гарчээ.
  
Миний бие 6 дугаар сарын 9-ний өдөр тэрхүү нефть оргилсон цооног дээр
очиж, оргилж буй нефтээр нь өөрийхөө өмсөж явсан гоёлын ухаа шаргал
дээлийнхээ энгэрийг мялааж, ард түмэндээ харуулах аз завшаан  тохиосон
юм.      
   Монголын Геологийн төвийн дарга З.Барас Америкийн
нефтийн нэртэй мэргэжилтэн У.Пентилатай хамтран ажиллаж урьд өмнө
хийгдсэн Монголын геологийн судалгааны материал дээр үндэслэн Монгол
орны түүх, газрын тосны талаар маш сонирхолтой мэдээлэл бүхий тойм
тайлан боловсруулж, 20 орчим компанид тараан борлуулснаар Монголын
газрын тосны судалгаа нефтийн бизнесийн хүрээний сонирхлыг татаж эхэлсэн
байна. Энэ тайланг боловсруулахад Монгол, Америкийн олон тооны
мэргэжилтэн  оролцсон юм. Ноён Уильям Пентила Колорадогийн Их сургуулийг
нефтийн геологийн мэргэжлээр төгссөн. Хьюстон хотын нефтийн геологийн
судалгаа хийдэг олон улсын зөвлөх компанийн захирлын ажилтай хүн байсан.
Тэрээр 1991 оны сүүлээр Монгол орны нутаг дэвсгэрт газрын тостой байж
болох талбайг ялган хэсэг тус бүрийг 10000-5000 хавтгай дөрвөлжин
километр (км2)  хэмжээтэй 22 хэсэг болгоод дэлхийн газрын тосны аж
үйлдвэрийн төв хэвлэл “Ойл энд Газ” журналд болон Монголын “Ардын эрх”
сонинд зарлан мэдээлж газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулах
сонирхолтой гадаад дотоодын пүүс, компаниудыг оролцохыг уриалсан юм.
Монгол Улсын бага хурлаас баталсан Газрын тосны тухай хуулийг
боловсруулахад ноён У.Пентила их тус болсон.
   Би 1992 оны 9 дүгээр
сарын 24-нд Нью Иорк хотын Хельмс Палац зочид буудалд уулзаж Монголын
нефтийн судалгааны талаар дэлгэрэнгүй ярилцаж билээ. Тэр үед ноён
У.Пентила Монголын нефтийн нөөцийг 3-7 тэрбум баррель гээд олборлох
боловсруулах үйлдвэр барихад эхний ээлжинд 50 сая ам.доллар хэрэгтэй гэж
ярьж байж билээ.
   1995 онд Хьюстон хотод “Соко” корпорацийн
Ерөнхийлөгч Эдуард Стори болон тэдний мэргэжилтнүүдийн Монголд гүйцэтгэж
буй нефтийн хайгуулын ажлын урьдчилсан дүнг сонсож, геологийн зураглал
тооцоонуудтай танилцаж байхад нефть боловсруулах үйлдвэрийн тухай бодох
цаг болжээ гэж бодогдож байлаа.
   АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын
“Вентех инженер-3” компанийн инженерүүдтэй уулзаж, тэдний нефть
боловсруулах авсаархан үйлдвэрийн модулийг үзээд Монголд аваачиж угсарч
хялбар хийц бүхий үйлдвэр болохыг ойлгосон. Холбогдох материалыг авч
нефтийнхэндээ өгсөн. Өдийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаад харамсаж
суудаг. “Соко интернэшнл” Тамсагийн хайгуулын лицензээ Хятадын “Петро
чайна”-д шилжүүлсэн. Хайгуул олборлолтын ажил үргэлжилж байна.
Монгол-Америкийн эрдэс баялгийн цогцолборын хамтын ажиллагаанд
монголчуудын ашиглаж чадаагүй нэгэн боломж бол суперкомпьютерийн
технологийг Монголд нэвтрүүлэх ажил байлаа.
   Чичирхийллийн
мэдэээлэл боловсруулах гурван хэмжээст зураглалын технологи бүхий
суперкомпьютерийн технологийн төв дэлхийд 4 байдаг боловч Азийн бүс
нутагт нэг ч байгаагүй. Тийм үед энэ технологийг Монголд нэвтрүүлэх
боломжийг Америк олгохыг дэмжин Ригс банк зээл өгөхийг зөвшөөрсөн
байлаа. Монгол Улс 30 сая ам.долларын санхүүжилт хийвэл энэ төсөл бүтэх
байлаа. Тухайн үедээ энэ технологи бараг хаалттай байсан хэрэг. Манай
Засгийн газрын зориг дутсан, Олон улсын валютын сан дэмжээгүй зэргээс
энэ төслийг Монголд хэрэгжүүлж чадаагүй юм.
   Энэ асуудлыг
Америкийн холбогдох байгууллагуудтай сэргээн ярилцаж бүтээвэл
чичирхийллийн судалгааны зах зээлд бүс нутагтаа Монгол Улс тэргүүлэх
байр суурьтай болно.
   Монгол-Америкийн эрдэс баялгийн цогцолборын
хамтын ажиллагааны шинэ чиглэл бол ураны судалгааны салбарт хамтран
ажиллах бөгөөд Монгол Америкийн Засгийн газар хоорондын тохиролцоонд
АНУ-ын Эрчим хүчний яамны орлогч сайд Монголд ирж гарын үсэг зурсан  
юм.  Энэ бол асар их ирээдүйтэй шинжлэх ухаан технологийн олон улсын
хамтын ажиллагааны хэлбэр болж өргөжих боломжтой юм.
   АНУ-ын
нүүрсний тэргүүлэх компани “Пибоди” Монголын нүүрсний салбарын хамтын
ажиллагаанд оролцохоор сонирхлоо илэрхийлж байгаа нь их завшаантай хэрэг
гэж үзэж байна.  
   Ингэж дэлхийн томчуудтай хамтран ажиллах нь
Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжилд асар их дэвшлийг авч ирнэ
гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. Бидэнд дэлхийд өрсөлдөх капитал,
технологи, менежент, мэргэжилтэнтэй болох хэрэгцээ байна. 
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж