Байгальд нөлөөлөл багатай эрчим хүчний эх үүсвэр: НҮҮРС

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Байгальд нөлөөлөл багатай эрчим хүчний эх үүсвэр: НҮҮРС

Нүүрсний хэрэглээ, нөөц чухамдаа

Цаг уурын өөрчлөлтийг өдөөгч болсон хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж
хэмжээгээр бууруулахаар өгсөн амлалтаа улс орнууд дор бүрнээ
биелүүлэхээр чармайж буй цаг үед нүүрсний хэрэглээ аажимдаа буурна гэсэн
таамаглал олон хүнд байгаа нь эргэлзээгүй. Нүүрсээр дэлхийн эрчим
хүчний 27 хувийг, харин цахилгааны 41 хувийг хангаж байна. 2006 оны
байдлаар нийт улс орны нүүрсний хэрэглээ 6.74 тэрбум тонн байсан бол 2030 онд дурдсан хэмжээнээс 48 хувиар өсч, 9.98 тэрбум тонн
болох тооцоог АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба //U.S.EIA/ гаргажээ.
Дэлхийн нүүрсний ассоциацийн /WCA/ мэргэжилтнүүд нүүрсний хэрэглээний
өсөлтийн хандлага энэ байдлаараа өсвөл 116 жилийн эрэлтийг хангах
нөөцтэй гэж үзэж байна. Мэдэгдээд буй тоо баримтаар дэлхийд ойролцоогоор
нүүрсний нэг триллион тонн олборлох боломжтой нөөц байдаг ажээ.

Нүүрс ба дэлхийн дулаарал

Нүүрсний
цахилгаан станцын агаарт дэгдээх хүхрийн хүчил, азотын хүчил, мөнгөн ус
зэрэг нь хүн, байгальд хөнөөл учруулдаг, түүнчлэн дулаарлыг
идэвхжүүлэгч хүлэмжийн хийн эх үндэс гэдгийг бүгд мэднэ. Дэлхийн аж
үйлдвэрийн тэргүүлэх улс орон болох Их 20-ын удирдлагууд чулуулаг түлш,
тэр дундаа нүүрсний салбарт олгодог татаасаа бууруулах тохиролцоонд
хүрсэн байна. Энэхүү тохиролцооны хүрээнд чулуулаг түлш хэмээх нүүрс,
газрын тос, байгалийн хийн салбарт олгох 300 тэрбум орчим ам.долларын
татаасыг цуцлахаар төлөвлөж буй ажээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллага болон Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж
буйгаар чулуулаг түлшний татаасыг ийнхүү танаж эхэлснээр дэлхийн
хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2050 оны байдлаар 10 хувиар бууруулна
гэж тооцоолж байна. Гэхдээ нүүрсний байгальд хөнөөл багатай технологийг
хөгжингүй улс орнууд хэдийнэ нэвтрүүлж эхэлсэн нь нүүрс улирах болоогүйн
нэг нотолгоо юм. Өөрөөр хэлбэл гол асуудал нь нүүрсний технологийн
шинэчлэлийг дэмжин, эхлүүлэх цаг иржээ.

Гарц: Нүүрсний “ногоон шилжилт”

Нүүрсний
цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хийг агаарт дэгдүүлэлгүйгээр,
хөрсөнд хадгалах аргыг улс орнууд хамтран эрэлхийлж байна. Энэхүү
технологийг олон улсад CCS буюу нүүрсний “Carbon capture and storage”
технологи хэмээн нэрлэдэг. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн
мэдээлж буйгаар уг технологийн ачаар нүүрсний шаталтаас ялгарах хийг 84
хувиар бууруулах боломжтой болоод буй ажээ. Ийнхүү нүүрсний ногоон
технологийн эрин нэгэнт эхэлжээ. Нүүрсийг АНУ “Байгалилаг, Эдийн засгийг
эрчимжүүлэгч, Эрчим хүчний баталгаат” шийдэл хэмээн үзсээр. Ерөнхийлөгч
Обама “Нүүрсний цэвэр технологи нь АНУ-ын эрчим хүчний баталгааг хангах
нэгэн зүйл байх болно” гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/
мэдээлж буйгаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд CCS-ын
томоохон хэмжээний 80 гаруй төсөл болон судалгааны ажилд нийтдээ 36
тэрбум ам.доллар зарцуулжээ. Австрали, Шинэ Зеланд улс хамтран энэхүү
технологийг илүү сайжруулахаар судалж байна. Гэхдээ CCS технологи нь
шинэ зүйл биш бөгөөд 1960-аад оны эхэн үеэс буюу нүүрснээс нүүрс хүчлийн
хийг нь ялгаж аваад хөрсний гүнд шингэн эсвэл хатуу төлөвт байдлаар
хадгалах энэхүү аргыг туршиж эхэлжээ. 

CCS технологийн сул тал болон боломж

2007
оны байдлаар дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ 29.3 тэрбум
тонн байв. Гэхдээ энэ нь хүлэмжийн хий бус зөвхөн нүүрсхүчлийн хийн
ялгаруулалтын хэмжээ юм. АНУ-ын Эрчим хүчний яам улсынхаа нутаг
дэвсгэрийн нүүрсхүчлийн хий хадгалах геологийн нөөц буюу чадамжийг
3.6-12.9 триллион тонн гэдгийг тогтоожээ. Энэхүү судалгааны тооцоогоор
500 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 30 жилийн турш
ажиллуулах хугацаанд ялгарсан нүүрсхүчлийн хийг нь CCS технологиор
хөрсний гүнд хадгалахад 1103 шоо километр газар шаардлагатай ажээ.
Эрдэмтэд хий хадгалах газрынхаа “геологийн агуулахыг” 60.9 метрийн
зузаантай байна гэж тооцжээ. Хэрэв зузааныг нэмэгдүүлбэл газрын тархац
хэмжээ урвуу харьцаагаар буурах нь ойлгомжтой юм. Норвегийн байгаль
орчны ТББ Bellona-гийн судалгааны дагуу 2050 он гэхэд CCS технологийн
ачаар дэлхийн нүүрсхүчлийн ялгарлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой
ажээ. CCS технологийг стандартын дагуу мөрдөж ажиллавал байгальд ямар ч
нөлөөлөлгүй гэж үзэж буй бөгөөд илүү хямд өртөгтэй болгох боломжийг
судалгааныхан эрэлхийлж байна.  Технологи нь өндөр үнэтэй байгаа учраас
одоохондоо цахилгаан станцууд CCS технологи суурилуулахад хөрөнгө
оруулахаас татгалзаж байна. Учир нь уг технологийг нэвтрүүлэх төслийн
“нөөцлөх” нэг тонн нүүрсхүчлийн хий тутмын үнэ нь 70 еврогийн өртөгтэй.
Харин дэлхийн улс орнуудын компаниуд одоогийн байдлаар ялгаруулсан
нүүрсхүчлийн хийн нэг тонн тутамдаа төлөх ёстой татвар нь 20 евро байгаа
юм. Тэд эсвэл хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах үүргээ давуулан
биелүүлсэн компанитай тохиролцоод зөрүүг нь худалдаад авчихна, “ногоон
хамтрагчаа” олж чадахгүй бол зүгээр л татвараа төлчихнө. Технологи,
үйлдвэрлэл, стратегийн асуудлаар зөвлөх үйлчилгээ эрхэлдэг McKinsey
компанийн хийсэн судалгаагаар бол CCS технологийн нэг тонн нүүрсхүчлийн
хий тутмын үнэ нь 2020 он гэхэд 35-50 евро болохоор байна. Харин EU
Emission Trading Scheme буюу “Европын холбооны Ялгаруулалтын худалдааны
төлөвлөлт” байгууллагынхан энэ үед технологийн үнэ 30-48 евро болно гэж
үзэж байна.

Монголын хувьд CCS технологи нь тогтвортой хөгжлийг
дэмжигчийн үүргээр дэлхийн зах зээлд оролцох боломжийг нээх болно. Ирэх
40 жилд хөгжингүй орнууд энэхүү технологи бүхий төслүүдэд тэрбум биш,
триллион ам.доллараар яригдах хөрөнгө оруулалт  хийх тооцоог Олон улсын
эрчим хүчний агентлаг гаргаад байна. Тиймээс CCS технологи, сэргээгдэх
эрчим хүчний технологи аль аль нь хурдацтайгаар зэрэгцэн хөгжсөөр.

Б.Төгсбилэгт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж