Үндэсний баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд зорчих тээврийн хэрэгсэлд олгодог автомашины зөвшөөрлийг хуурамчаар хэвлэж, иргэдэд борлуулж байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсээс зогсоожээ. Тус дүүргийн цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч зөвшөөрөлийн бичиг авсан тохиолдолд даруй мэдэгдэхийг хүслээ.
Автомашины зөвшөөрөл аль замуудад хэрхэн үйлчлэх талаар мэдээллийг хүргэхэд,
А" зөвшөөрөл нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж "Оюунтүлхүүр" сангийн хашаанд зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад "DK" зогсоолын хойд барилгын талбайд байрлана.
"Ж" зөвшөөрөл нь "А" зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
"D" зөвшөөрөл "А","Ж" зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
"Ү","Г" зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш нийслэлийн гудамж руу эргээд "Хурд" хорооллын урд зогсоол болоод "Суруга Монгол" компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршалын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар явж зогсоолын талбайд байрлуулах юм.
Б.УУДАМ