Талбайн теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний нэг болох “Уимблдон”-ы аваргаар дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович тодорлоо. Их Британы Лондон хотноо зургадугаар сарын 29-д эхэлсэн "Уимблдон" эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын финалын тоглолт өнгөрсөн шөнө болсон юм. Аваргын төлөө Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нарын шилдэг теннисчид шалгараад байсан юм. Ням гаригийн шөнө тоглолтод дэлхийн манлай теннисчин Жокович өрсөлдөгчөө 7-6, 6-7, 6-4, 6-3-аар буулган авлаа.
Жокович “Уимблдон”-ын гурав дахь, нийт “Их дуулга” тэмцээний 9 дэх түрүүгээ хүртэж байна. Мөн тэрээр оны гурван “Их дуулга”-ын хоёрт түрүүлээд байна. Түүний хувьд ганцхан "Францын нээлттэй тэмцээн"-д түрүүлж чадаагүй бөгөөд 2012, 2014, 2015 онуудад финалд шалгарчээ.
“Их дуулга” тэмцээний 17 түрүүг хүртэхдээ “Уимблдон”-д долоон удаа аваргалсан "Швейцарь цаг" хочит Рожер Федерерийг Жокович зогсоолоо. Федерер хагас шигшээд Их Британы Э.Муррейг хожсон юм. Харин Испаний алдарт теннисчин Рафаэль Надаль хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлжээ.
"Уимблдон"-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын Серена Уильямс түрүүлсэн. Тэрээр финалын тоглолтод тэмцээнд 20-д эрэмбэлэгдсэн Испаний Г.Мугурузаг 6:4, 6:4-өөр хожсон юм.
Ийнхүү зургадугаар сарын 29-д Их Британы Лондон эхэлсэн "Уимблдон" өнөөдөр өндөрлөж байна.
Ч.БОЛОР