Өндөр технологийн бүтээгдэхүүний түүхий эдийн нөөц Монголд бий

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Өндөр технологийн бүтээгдэхүүний түүхий эдийн нөөц Монголд бий


 Ярилцлагаа ерөнхий асуултаар
эхэлье. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хурд, түвшин өнөөгийн нөөц
бололцоотой харьцуулахад хэр хангалттай   байна гэж Та боддог вэ?

Өнгөрөгч сард болсон Монголын эдийн засгийн форумын үеэр би 2002 оны
Нобелын шагналт эдийн засагч Жозеф Стиглицийн нэгэн өгүүллийг уншлаа.
Тэрээр чөлөөт, төрийн хяналтгүй эдийн засгийн хөгжлийн концевцийн эсрэг
байдаг. Ялангуяа хуучин төвлөрсөн системээс чөлөөт зах зээл рүү эдийн
засгийн шилжилт хийж байгаа улсад төрийн оролцоо тодорхой хэмжээгээр
заавал байх ёстой гэж үздэг. Энэ онолынхоо талаар нэлээдгүй нотолгоо
хийж, Монголтой адил төстэй буюу зах зээл рүү шилжиж буй орнуудын эдийн
засагт анализ хийсэн байна. Хуучин социалист орнуудыг багцлаад харах юм
бол Польш, Унгар, Чех, Балтийн гурван орон, Болгар гэх мэт Зүүн Европын
10-аад улс, Казахстан, Киргыз, Узбек, Монгол зэрэг Төв Азийн орнууд
болон Камбож, Вьетнам, Лаос гэх мэт Зүүн Өмнөд Азийн улсуудад анализ
хийсэн байгаа юм. Гэтэл дээрх улс оронд зах зээлийн шилжилт байх ёстой
түвшиндээ хийгдэхгүй байгаа тухай дүгнэлт гарсан байна. Амжилттай
шилжсэн орнуудын жишээнд Польш, Чех, Словак, Эстон  орж байна. Харин
хамгийн доод түвшинд яваа орон бол ОХУ юм байна. Энэ улс шилжилт хийхдээ
унаж болох хамгийн доод түвшинд очсон байгаа юм. Үүний гол шалтгаан нь
нийгмийн институциудыг зах зээлийн нөхцөлд тохируулан шинэчлэхэд алдаа
гаргасан гэж үзэж байна. Институци гэхээр засаглалын буюу шүүх, төрийн
алба болон компани, банк, санхүүгийн байгууллагаас эхлээд боловсрол,
шинжлэх ухааны байгууллага ч орж байна. Эдгээр нь төлөвшиж чадаагүйгээс
хүнд суртал, авлига, буруу замаар үндэсний баялгийг ашиглах явдал үүссэн
байна. Мөн ийм нөхцөлд өмч хувьчлал, үнэ чөлөөлөх зэрэг зах зээлийн
томоохон реформыг яарч хийсэн гэж үзжээ. Тэгэхээр Орост эдийн засгийн
хөгжлийн хурдац буруу замаар явах, удаашрах нөхцөл байсан гэж Жозеф
Стиглиц дүгнэсэн байна. Хэдийгээр үүнтэй төстэй алдаа манайд байсан ч
бүхэлдээ  бол монголчууд шилжилтийг амжилттай хийж чадсан гэж би боддог.
Манайд ардчилал нэлээд нээлттэй хөгжиж  чадсан учраас алдаагаа засаад
явж байна.
Нөгөөтэйгүүр, шилжилт хийж эхэлснээс хойш анх удаа 2005 онд Монгол улсын төсөв нэмэх гарсан байдаг. Тэгэхээр энэ үеэс л эдийн засаг бодитойгоор сэргэж, бидний ярьж байгаа томоохон бүтээн байгуулалт хэрэгжих үндэс бүрдэж эхэлсэн. Сүүлийн 2-3 жилд эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе рүүгээ орж байна гэж харж байна. Жишээ нь, Монгол улс 1991-2009 он хүртэл нийт 20 орчим жилийн туршид гадны зээл тусламжийн хүрээнд хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол энэ жилээс эхлэн зөвхөн нэг жилд хийгдэх хөрөнгө оруулалт 2-3 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. 20 жилийн турш авсан хөрөнгө оруулалтыг бид нэг жилийн дотор оруулах гэж байна шүү дээ. Үүнийг тоо талаас нь харах юм бол, үсрэнгүй хөгжлийн үе рүүгээ орж байгаагийн илрэл гэж болно.

Эдийн засгийн олон хөлтэй бүтэц тогтвортой хөгжил авчирдаг

Үсрэнгүй хөгжлийн үе рүү орж байгаа энэ цаг үед эдийн засгийн гол бодлогыг атгах үүргээ Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо биелүүлж чадаж байгаа юу?

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо бол Монгол улсын эдийн засаг, хөгжлийн бодлогын төв байгууллага. 1990 оноос өмнө Улсын төлөвлөгөөний комисс улсын хөгжлийг маш нарийн төлөвлөдөг байсан. Жишээ нь, сурагчийн дүрэмт хувцас, бэхийг хүртэл Оросоос яг тоогоор нь захиалж авдаг байсан гэдэг. Улмаар 1990 оноос хойш төлөвлөлтийн тэр хатуу тогтолцоо, байгууллага аажмаар байхгүй болсон. Энэ хугацаанд ерөнхийдөө дөрвөн жил тутмын УИХ-ын сонгуульд ялсан улс төрийн намын байгуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу улс орны хөгжил явж ирсэн гэж болно. Сонгуульд ялсан нам нэг зорилт тавин хэрэгжүүлж байтал дараагийн хүчин гарч ирэхдээ өмнөх намын эхлүүлсэн ажлыг баллуурдаж орхидог дүр зураг байлаа. Ингэхээр нөгөө байсан жаахан хөрөнгө, нөөцөө үр дүнгүй цацаж, цаг хугацаа ч алдсан тал бий. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо байгуулагдсанаар улсын хөгжлийн дунд хугацааны стратегиудыг боловсруулах, тэргүүлэх чиглэлүүдийг тооцон тогтоох, нөөцийг төвлөрүүлэх, хөгжлийн чухал институциудыг бэхжүүлэх, бий болгох чиглэлээр голлон ажиллаж байгаа гэж ойлгож байна.

Хөгжлийн тухай яриа эдийн засгийн бүтцээ оновчтой тодорхойлохоос эхэлнэ гэдэг. Одоо манай эдийн засгийн бүтцэд үйлчилгээний салбар хамгийн өндөр хувьтай, араас нь уул уурхай, хөдөө ахуй дийлэнх хэсгийг эзэлж байна. Энэ хэр тогтвортой эдийн засаг вэ? Бүтцээ өөрчлөх ёстой юу?

Манайтай хөгжлөөрөө ижил төстэй болон арай илүү хөгжилтэй орнуудын эдийн засгийн бүтэц ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг юм билээ. ДНБ-ий хагас нь үйлчилгээ, 30-40 хувь нь аж үйлдвэр, 10-20 орчим хувийг нь хөдөө аж ахуйн салбар эзлэх жишээний.
Эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойлогдсон байх гэдэг зөв. Өнөөдөр аж үйлдвэрийн салбар дотор 60 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаа.
Хөрөнгө оруулалт, экспортын ч 70-аад хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой энэ салбарын эдийн засаг дахь оролцоо улам нэмэгдэж, бусад салбарынх буурахаар байна. Энэ бол маш ноцтой хандлага. Бүхэлдээ манай улс чинь уул уурхайгаас үндэсний баялгаа олдог, төсөв нь бүрддэг, түүнтэй холбоотой бусад салбарууд нь л хөгждөг ийм төрхтэй болох гээд байгаа юм. Үүнийг нэг хөлтэй эдийн засаг гэдэг. Ингэхдээ уул уурхайн түүхий эдээ бараг боловсруулалгүй шууд экспортолдог, бусад орны түүхий эд нийлүүлэгч орон болчих аюултай байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд ч мөн адил. Ер нь уул уурхайн салбар хүчтэй давамгайлсан эдийн засаг маш эмзэг байдаг. Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзлээс шууд хамааралтай, үүнээс улбаалан бусад салбарууд болон төсвийн орлого нь уул уурхайгаас хамаардаг учир эмзэг эдийн засаг гээд байгаа юм.

Тэгвэл эдийн засгийн олон хөлт бүтцийг бий болгохын тулд хэрхэх ёстой юм бэ?

Олон тулгуурт эдийн засгийн бүтэц нь улс орны эдийн засаг олон салбараас хамааралтай байж, юуны түрүүн аж үйлдвэрийн олон салбарыг жигд хөгжүүлснийг хэлж байгаа. Жишээ нь, уул уурхайгаа түшиглээд нүүрсийг ядаж угаагаад гаргая, чадвал шингэрүүлье, хийжүүлье, бүр ахиад эрчим хүч үйлдвэрлэе, зэс, хар металыг хайлуулъя, нефтийг нэрж бензин, дизель түлшээ гаргая гэх зэргээр энэ чиглэлийн ажлуудыг одооноос төлөвлөн хийж байна. “Сайншанд”-ын хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл, Сэлэнгэ, Дарханы бүс нутагт аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр гаргахаар бэлтгэлээ хангаж эхлээд байна. Мэдээж энэ бүх ажил цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардана. Хамгийн гол нь Засгийн газар бодлогоо тодорхойлж, боломжуудыг нээж өгөөд, хэт оролцохгүй байх ёстой. Бас бодлого, шийдвэр гаргаж байгаа яамд, байгууллагуудын үйл ажиллагаа шуурхай, уялдаа холбоотой байх хэрэгтэй.

Өндөр технологи уул уурхайгаас ч илүү ашиг хүртээх боломжтой

Дэлхийн улс орнуудын эдийн засгийнхаа урт хугацааны, тогт¬вортой гэж тодорхойлсон бодлого стратегиудыг ажиглахад өндөр технологийн салбартаа нэлээд анхаарал хандуулсан байдаг?

Монгол улс цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай, зах зээлээс алслагдсан байршилтай. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд хүргэхэд түүний овор хэмжээ, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалаад бусад далайн эргийн дагуух улстай харьцуулахад өртөг нь нэлээд өсч хүрдэг. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд тээврийн зардал төдийчинээ бага байх хэрэгтэй болно. Хоёрдугаарт, бид 2.7-хон сая хүнтэй. Тэгэхээр бид хөгжлийн бодлогодоо хүн амын бодлогоо онцгой тооцох хэрэгтэй. Жишээ нь, Вьетнам 90 сая, БНХАУ тэрбум 300 сая, Солонгос 40 сая, Япон 130 орчим сая хүн амтай. Ажиллах хүчин ихээр шаардсан /Labour intensive/ аж үйлдвэрүүд манайд хөгжих бололцоо муутай. Хөгжүүллээ гэхэд эсвэл бүрэн автоматжсан үйлдвэрүүд байгуулах, эсвэл ажиллах хүчийг гаднаас авах хэрэгтэй болно. Тиймээс хүн ам цөөтэй орны бодлого өөр байх ёстой. Дээрхээс улбаалаад Монгол улсад хөгжүүлэх ёстой салбар бол яах аргагүй өндөр технологи юм. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн нь овор хэмжээ багатай, хоёрдугаарт, мэдлэг чадвар бүхий цөөн хүн, инженерүүд авч явдаг, хойноосоо олон салбарыг дагуулж хөгжүүлдэг, гуравдугаарт, шинжилгээ судалгаа, боловсон хүчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, санхүү зэрэг нь бүгдээрээ глобал дүрмээр тоглодог цорын ганц салбар юм. Монгол улсыг даяарчлалд түргэн хүргэх энэ салбарыг хөгжүүлэх бүрэн бололцоотой, шаардлага ч бий. Тийм учраас УИХ дээр хоёр намаас тав таван гишүүний бүрэлдэхүүнтэй Д.Ганбямба гишүүнээр ахлуулсан өндөр технологийн салбарыг хөгжүүлэх Ажлын хэсэг гарсан байгаа. Бид өнгөрсөн жил энэхүү ажлын хэсэгтэй хамтарч “Төрөөс өндөр технологийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” хэмээх баримт бичгийг боловсруулж гаргасан. Маш чухал баримт бичиг гэж бодож байгаа. Цөөхөн монгол хүнийхээ мэдлэгт түшиглэн улсынхаа өрсөлдөх чадварыг бий болгох стратеги гэж ойлгож болно.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралд өндөр технологийн бүтээгдэхүүн эдийн засгийнх нь гол хэсгийг бүрдүүлдэг улс орнууд маш бага хэмжээтэй, бараг өртөөгүй тухай судалгааны дүн ч байдаг юм билээ?

Технологижсон аж үйлдвэртэй, эдийн засгийн олон тулгууртай орнууд санхүүгийн хямралд бага өртсөн. Нэг салбар нь унасан ч бусад салбар нь аваад гарах жишээтэй. Ер нь өндөр технологи гэхээр хүмүүс тэс өөр салбар гэж ойлгодог. Аж үйлдвэр нь хэвээрээ ч шийдэл нь илүү дэвшилттэй байхыг л хэлж байгаа. Энэ салбарт хэрэглэж байгаа түүхий эд, материалуудыг нөгөө л уул уурхайн салбараас олборлож байгаа, харин бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, боловсруулалт хийж байгаа түвшин, шийдэл, технологи нь өндөр дэвшилттэй гэж ойлгож болно. Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлж чадсанаар Монгол улсын боловсролын тогтолцоо, шинжлэх ухааны салбарт их өөрчлөлт орно. Венчийн сан зэрэг хөрөнгө оруулалтын сангийн шинэ хэлбэр, үйлчилгээ бий болно. Тээвэрлэлт, ложистиктой холбоотой асуудал их өөр болно. Бүс нутгууд жигд хөгжих бололцоо бүрдэнэ. Баруун, зүүн, төвийн бүсийн онцлог, бололцоонд тулгуурласан өндөр технологийн паркуудыг хөгжүүлэх тухай концевцийг боловсруулахаар бид ажиллаж байна. Энэ бол уул уурхай дагасан хөгжлөөс их өөр, хүмүүсийнхээ оюуны потенциал, мэдлэгт тулгуурлан хөгжих үзэл баримтлал юм.

Монгол улс өндөр технологийн салбарт тулгуурлан тогтвортой хөгжих бололцоотой гэлээ. Тэгвэл high tech бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар түүхий эдүүд хэрэгтэй байдаг юм бэ, тэдгээрийн нөөц манай улсад бий юү?

Биотехнологийн салбарт жишээ нь, өвөрмөц шинж чанартай уургийг синтезлэх, ялгаруулах технологийг нэгэнт эзэмшсэн байхад түүхий эд шаарддаггүй онцлогтой. Харин электроник, материал судлалын салбарт өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь ховор метал болоод байна. Өнөөдрийн манай уул уурхайн салбар үндсэндээ нүүрс, алт, зэс, хар төмөр, нефтийн зэрэг цөөн бүтээгдэхүүний олборлолтод суурилан хөгжиж байгаа. Гэтэл цаана нь ховор метал гээд орчин үеийн өндөр технологийн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болсон 20 гаруй төрлийн элемент байгаа юм. Ховор металын аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар өнгөрсөн оны аравдугаар сард бид Германы талтай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэхүү хурлаар ховор металын 2030-2050 он хүртэлх эрэлт ямар байх, үнийн өсөлт, Монголд аль элемент нь байгаа, аж үйлдвэрийн ямар салбарыг хөгжүүлэх бололцоотой зэрэг асуудлаар ярилцсан. Жишээлбэл, 2050 он хүртэл батарейнд хэрэглэгддэг лити гэдэг элементийн эрэлт эрс ихэсч, үнэ нь ч өсөхөөр байгаа. Энэ нь бензиний үнэ өндөр, байгаль орчинд хортойгоос болж яваандаа дэлхий даяар зайгаар явдаг машинд шилжихтэй холбоотой. Бээжингийн бүх такси 2015 он гэхэд цахилгаанаар явдаг болно. Бид дээрх ховор металуудаа олборлож ашиглаад эхлэх юм бол өнөөх нүүрс, урантай дүйцэхүйц, түүнээс ч илүү ашиг олох боломжтой. Ховор металыг кг-аар хэмждэг ба нэг кг нь 80 мянган долларт ч хүрдэг элемент бий. Энэ судалгааныхаа дүнг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЭБЭХЯ-нд хүргүүлсэн байгаа. Зах зээл, аж үйлдвэр, хэрэглээ  нь их өвөрмөц учраас ховор металын талаар тусдаа бие даасан бодлого, стратеги гарах ёстой гэж үзэж байгаа.
 
Одоо манай улсад өндөр технологиор гаргаж авсан бүтээгдэхүүн юм шүү гээд нэрлэчихээр брэнд хэчнээн байдаг вэ?

Өндөр технологийн анхны монгол компани байгуулагдаад 20 гаруй жил болчихсон байна. Биотехнологи, эмийн “Монэнзим”, “Монос” , “Мон-Химо”, “Шижир интернэшнл” зэрэг компаниуд байгуулагдаад 10 гаруй жил болж байгаагаас гадна шинэ компаниуд олноор бий болж байна.  Эдгээр компани олон улсад нэгэнт нээлттэй болсон женерик патентаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна өөрсдийн бий болгосон технологи, патентаараа биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоохондоо экспортод хараахан гаргаж чадахгүй байгаа. Жишээлбэл, “Мон-Химо” бол Монголын ариутгалын нийт зах зээлийг бараг 100 хувь хангадаг болсон байна. Дотоодын зах зээл дэх эрэлтийг бүрэн хангах түвшинд хүрнэ гэдэг маш сайн. Өндөр технологийг хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр, Шинжлэх ухааны мастер төлөвлөгөө 2007 онд  тус тус батлагдсан. Харин хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил ид хийгдэж байна. Үүнд, УИХ-ын өнгөрсөн онд баталсан өндөр технологийн аж үйлдвэрийн төрийн бодлогоос гадна одоо бидний ажиллаж байгаа Инновацийн тухай, венч хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг хуулийг чадвал энэ ондоо багтааж УИХ-д оруулахаар холбогдох байгууллагуудтай нь хамтран ажиллаж байна.

Манай уул уурхайн тэсэлгээ, өрөмдлөгийн компаниуд цоо шинэ гэж хэлэхгүй ч гэлээ өөрсдөдөө хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, үйл ажиллагаандаа ашиглаж байна л даа. Энэ нь үндэсний технологи мөн үү? Хэрвээ мөн бол тэднийг дэмжих ямар бодлого байгаа вэ?

Технологи, мэдлэг дээр some buy, some make гэсэн зарчим байдаг. Заримыг нь худалдаж ав, шаардлагатайг нь өөрсдөө хий. Энэ зарчмыг сайн мэдэж байх хэрэгтэй. Ихэнх мэдлэг, туршлага, технологи хөгжсөн олон оронд байж л байгаа. Тэгэхээр түүнийг бид хөрөнгө хүч, цаг хугацаагаа заран байж дахин хийх шаардлага байна уу, илүү сайн хийж чадах уу гэдгээ компаниуд өөрсдөө шийдэх ёстой.
Тэсэлгээний хувьд Монгол улсад some make-ийн төрөлд авч үзэж болохоор Б.Лайхансүрэн багшийн сайхан жишээ байдаг. Түүний гаргасан тэсэлгээний тэргүүний арга, технологийг 1990-ээд онд ГОК, “Монросцветмет” нэгдэл авч нэвтрүүлж байсан. Улмаар оюуны бүтээл, технологийнхоо үр шимийг хүртсэн хүн бий. Тухайн технологийг ОХУ-д ч хийж чадаагүй маш сайн ажил байсан.

Хөгжлийн банк оюуны өмчид хөрөнгө оруулна

Өндөр технологийн салбараа хөгжүүлж амжилтад хүрсэн хийгээд нөхцөл байдлын хувьд манайтай адил төстэй бусад орны туршлагаас хуваалцаач?

Финланд, Сингапур, Норвеги, Израйл зэрэг 3-6 сая хүн амтай жижиг орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийг амжилттай байгуулсан туршлага байна. Эдгээрээс Финландын жишээ илүү сонирхолтой юм. Хүйтэн дайны үед Зүүн Европ, Орос улс тэр аяараа хаалттай байсан юм. Тухайн үед ЗХУ-д технологи дамжуулахыг хориглосон хууль АНУ-д байсан. Энэ чиглэлийн судалгаа, хамтын ажиллагаа, худалдаа, экспортыг хориглочихсон байж. Энэ үед финландчууд коммунист, капиталист хоёр блокийн хооронд технологи, мэдлэг дамжуулдаг ганц гүүр болж байж. 1980-аад оноос байдал зөөлөрч социализм задарч эхлэхэд тэд зах зээлээ алдаж, үндсэндээ эдийн засаг нь унасан. Улмаар яаж хөгжих вэ гэдэг асуудал тулгарч, хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Нэгдүгээрт, ХАА, төмөр, мебель, цаас үйлдвэрлэл зэрэг уламжлалт салбарууддаа технологийн шинэчлэл хийж эрчимжүүлэх, нөгөө нь аж үйлдвэрийн цоо шинэ чиглэлийг гаргаж ирэх байсан. Улмаар хоёр дахь замаар нь явахаар шийдэж, түүнээсээ мэдээллийн технологи, электроникийг сонгож, цөөн инженерүүдийн хувийн санаачилгаар байгуулагдсан үндэсний компани болох Nokia-г дэмжин гаргаж ирсэн. Ингэхдээ Засгийн газар нь ганц компанид зориулсан маш тодорхой бодлого боловсруулсан юм. Nokia эхлээд ганцхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол яваандаа олон төрлийнхийг хийдэг болгож, улмаар кластер болж хөгжсөн. Нэг гар утас угсрахад шаардлагатай хэдэн арван төрлийн эд анги байдаг. Эдгээр түүхий эд, эд ангийг Nokia-г тойрсон бие даасан компаниуд хангадаг болов. Нэг компанийг олон жижиг компани тойрч, нэг бүтээгдэхүүн дээр төвлөрч хөгжихийг кластер гэдэг. Финландчууд ингэж хөгжсөн. 2000 оноос хойш энэ улс дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Өрсөлдөх чадварын индексид 4 удаа тэргүүлсэн байдаг.

Тэгвэл технологижсон улс орон болохын тулд дунджаар ямар хугацаа зарцуулах бол?

Яг энэ асуултыг Ерөнхий сайдын зөвлөх асууж байсан юм байна. Израил, Финланд, Тайван, Сингапур зэрэг орон мэдлэгийн эдийн засагт бүрэн шилжихдээ доод тал нь 15, дээд тал нь 25 жилийн хугацаа зарцуулсан байдаг.

Энэ салбараа хөгжүүлж чадсан орнуудад аливаа оюуны өмчөөр нь барьцаа болгож, санхүүжилт хийх зарчим үйлчилдэг. Манайд ийм зарчим үйлчилж эхэлбэл, эрдэмтэн судлаачдын идэвх, оролдлого сэргэж болох юм?

Шинээр гарч ирж буй технологийн компанид арилжааны банкууд хөрөнгө оруулалт бараг хийдэггүй. Яагаад гэвэл тэдэнд барьцаалах үл хөдлөх хөрөнгө байхгүй харин зах зээлд өрсөлдөж чадахуйц дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний загвар, түүнийг эзэмших эрхийг нь баталгаажуулсан оюуны өмч, патент нь байдаг. Үүгээрээ бусад үйлдвэрлэлээс их ялгаатай. Харин Венч капиталын сангууд эдгээр старт-ап компанийн оюуны өмчийн баталгаа, ашигтай байх тооцоо судалгаа, технологид түшиглэн компанийн хувьцааны тодорхой хувьд хөрөнгө оруулалт хийдэг.
Инновацийн тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газарт оруулах гэж байна. Хуулиар эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад өөрсдийн бий болгосон оюуны өмч, патент, технологио ашиглан компани байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь олгоно. Тэгэхээр мэдлэгийн институциуд маань технологио ашиглаад баялаг үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Үүнийг инноваци гэж хэлж байгаа юм. Хоёрдугаарт, венч капитал, сангаар дамжуулан шинээр байгуулагдсан технологийн компаниудыг хөрөнгө оруулалтаар дэмжих орчинг бүрдүүлэх юм. 

Хөгжлийн банк технологийн компанид зээл олгож болох уу?

Тийм заалт бий. Хөгжлийн банкны тухай хуульд экспортод чиглэсэн, импорт орлох, олон улсын стандартын шаардлага хангаж нэмүү өртөг ихээр шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зээл олгоно гэж байгаа. Үүнд өндөр технологийн салбар хамаарна гэж ойлгож болно. Тийм ч учраас өнгөрсөн жил УИХ-аар баталсан өндөр технологийн баримт бичиг болон Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм хоорондоо нийцэж байгаа юм.

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн дүнд найдлага тавьж байгаа

Таны ажил үүргийн нэг хэсэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа.  Тиймээс өнгөрөгч 2010 он буюу Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн үр дүнгийн талаар асуумаар байна?

Бизнес эрхэлнэ гэдэг хэн хүссэн нь дуртай зүйлээ хийхийн нэр биш. Соёлтой, өөрийн орны болон олон улсын дүрэм журам, стандартаар ажиллах ёстой. Тэгж гэмээнэ чөлөөт зах зээлийн нөхцөлд нэр хүнд олж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг татаж чадна шүү дээ. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд манай төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд маш дэлгэрэнгүй төлөвлөгөө гарган ажилласан. Тодорхой үр дүнд ч хүрч чадсан. Жишээ нь, компани байгуулах гэж 10 хонодог байсныг нэг өдөрт амжуулж гэрчилгээгээ авах боломжтой боллоо. 10 гаруй шат дамжлагыг ганц болгосон. Тусгай зөвшөөрөл олгоход тавьдаг байсан 300 гаруй журмыг гуравны нэгээр цөөлсөн гэх зэргээр бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн маш чухал шинэчлэл болсон гэж бодож байгаа.
Дэлхийн банкны 2010 оны Бизнес эрхлэхүй судалгааны үр дүн энэ оны наймдугаар сард гарах ёстой. Үүгээр өнгөрсөн жилийн манай улсын хийсэн ажлын рейтинг, дүгнэлт гарч ирнэ. Би хувьдаа маш их найдаж байгаа. Одоо төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажил хийгдэж байна. Хэрэгтэй, хэрэггүй маш олон чиг үүргийг төр өөр дээрээ хурааснаар хүнд суртал, үл ойлголцол үүсгэдэг. Төрийн зайлшгүй өөрөө хэрэгжүүлэх суурь үйлчилгээнээс бусад зарим чиг үүргийг хувийнханд шилжүүлж, ТББ, мэргэжлийн холбоодоор хийлгэдэг болох талаар судалж  байна. Бидний хувьд хувийн хэвшил, Засгийн газар хамтраад зүтгэвэл аливаа ажлыг амжилттай хийж чаддаг юм байна гэдгийг нүдээрээ үзсэн, үр дүнд нь талархалтай байгаа.

Эцэст нь асуухад, Монгол улсын иргэн бүр нэгэн зүгт харж, зүтгэх эдийн засгийн дунд, богино хугацааны ямар бодлого стратеги бидэнд байна вэ?

Өнөөдрийн байдлаар манай улсад 2021 он хүртэлх урт хугацааны хөгжлийн стратеги цогц бодлого маань гарсан байгаа. Харин дунд хугацааны бодлого одоогоор алга. Заавал байх ёстой энэ стратегийг боловсруулахын тулд манай хорооноос Нийгэм, эдийн засгийн дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төсөл бэлтгэж байна. Мөн энэхүү дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг  боловсруулж байна. Энэ хөтөлбөрөөр дээр дурдсан дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийг ямар эх үүсвэрээр, хаанаас, яаж санхүүжүүлэх вэ гэдгээ төлөвлөх юм. Манай хорооноос боловсруулаад байгаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдан гарах юм бол улсын хөгжлийг төлөвлөх, салбаруудын төлөвлөлтийн болон бодлогыг уялдуулах, эрэмблэх, нөөцийг тэргүүлэх салбаруудад төвлөрүүлэн хөгжихөд   чухал ахиц гарна гэж бодож байгаа.

Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Э. Сайхантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж