Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр. Үдээс өмнө Төв цэнгэлдэх хүрээлэн харьцангуй хөл хөдөлгөөн багатай байв. Харин 15.00 цагаас хойш бөх, сур, шагайн харвааны эцсийн дүнг үзэх гэсэн иргэд цувж эхэллээ. Тиймээс энэ үед иргэд хүүхдэдээ тавих анхаарлаа чангатгахыг санууллаа. Учир нь өчигдөр 23 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Саруултуяа мэдээллээ. Эдгээр хүүхдийн 22-ыг нь эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Харин нэг хүүхэд нь эгчийн хамт Партизаны сангийн аж ахуйгаас ирж наадамлаж байсан аж. Энэ хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь өгсөн талаар одоогоор мэдээлэл байхгүй гэв.
Өнөөдөр үдээс өмнө энэ талын дуудлага ирээгүй, харьцангуй тайван байна гэж мэдээлсэн. Гэхдээ 15.00 цагаас хойш иргэдийн хөдөлгөөн Төв цэнгэлдэх, Хүйдолоон худаг, ойролцоох голыг чиглэдэг. Тиймээс иргэдийн зүгээс олны хөлийн газраар явахдаа хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн өнөөдөр бороо хур орох төлөвтэй учраас голын усанд орохдоо сэрэмжтэй байхыг сануулсаар байгаа юм.
Б.ЗАЯА