“Алтанбулаг” худалдааны бүсэд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг” худалдааны бүсэд зочиллоо

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговиц, Ардын  их хурлын дарга, таван яамны сайд болон бусад өндөр албаны 30 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүст зочиллоо. Тэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн урилгаар Чөлөөт бүсийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүй” сэдэвт зөвлөлдөх уулзалтад оролцохоор Сэлэнгэ аймагт ирсэн юм. Буриадуудад дэд бүтэц, төрийн үйлчилгээ нь бэлэн болсон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүст хөрөнгө оруулах сонирхол нэлээд бий гэнэ. Тус чөлөөт бүсээр дамжуулан түүхий эд нийлүүлэгч биш  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна. Иймд Буриад улсын Ерөнхийлөгч чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад онцгой анхаарч ажиллахаа дээрх уулзалтын үеэр мэдэгджээ.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ОХУ-ын Улаан-Үүд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Л.Жавзмаа, Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Ганболд, Тэргүүн шадар сайдын зөвлөхүүд, ГХЯ, ЗТБХБЯ-ны газрын дарга Д.Жаргалсайхан,С.Очирбат нар, ГЕГ-ын дэд дарга А.Мурат, Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дэд дарга Ц.Төмөртогоо,  “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийн захирагч О.Сэмэр нарын 30 орчим хүн Монголыг төлөөлж оролцсон юм. Тэргүүн шадар сайд Чөлөөт бүст овоох барилга баригдаагүй ч гэсэн дэд бүтцийг шийдэж байна гээд хөрөнгө оруулалтын орчны хувьд Концессын хууль батлагдсаныг онцолж цаашид хамтран ажиллахыг уриалж байлаа. Зөвлөлгөөний үеэр  Чөлөөт бүсийн зөвлөлийн дарга Х.Ганболд “Чөлөөт бүсийн хууль эрхзүйн орчин”, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О.Сэмэр “Чөлөөт бүс ба хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьжээ. Нэмж сонирхуулахад, Буриадын худалдааны танхим Монголын чөлөөт бүсэд газар эзэмшдэг юм байна. Тиймээс тус чөлөөт бүсэд Буриадын үзэсгэлэн худалдааны төв байгуулахыг Монголын талаас санал болгосныг ажил хэрэг болгоход анхаарч ажиллах болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж