Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаанууд зохигдож байгаа. Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний үдэш монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин олонд баярын мэндчилгээг хүргэсэн юм.
Урлагийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Манай Улаанбаатар жил ирэх тусам хөгжиж байна. Монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж саатжээ. Энэ өдөр бол монголчууд бид түүх, өвөг дээдсээрээ бахархаж үндэсний соёл, хувцасаараа гоёж дэлхий дахинаа эх орноо сурталчилдаг өдөр юм” гэлээ. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатрын үдэш” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн тухайд “Эх орноо магтан дуулъя” сэдвийн дор зохион байгуулагдаж байна” гэсэн юм.
Мөн төв талбайд уран бүтээлээ хүргэх бүх уран бүтээлчид “амьдаар” дуулж, наадамчин олныг хүндэтгэж байгаа тухай НИТХ-ын дарга Д.Баттулга онцоллоо.
“Эх орноо магтан дуулъя” бүх оддын нэгдсэн тоглолтод оролцох уран бүтээлч, хамтлаг, дуучдыг сонгон шалгаруулахдаа твиттер, фэйсбүүк гээд сошиал ертөнцөөр хамгийн их санал авсан, уран бүтээл нь хамгийн олон давтамжтайгаар сонсогч, иргэдэд хүрсэн уран бүтээлчдийг сонгосон байна.
Наадмын өдрүүдэд соёл уралагийн ямар тоглолт, үзүүлбэрүүд наадмчдын хүртээл болох талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Батцэнгэлээс тодруулахад “Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 12-нд “Сайланс вайт” дижи урлагийн шоу, Чингисийн талбайд монгол туургатны бүжгийн их наадам болох “Талын бүжиг” фестиваль болно. Энэхүү арга хэмжээнд Өвөрмонгол, Халимаг, Улаан-Үдэ, Тува зэрэг улсын бүжгийн чуулгын 100 бүжигчин монгол бүжгийн гайхамшгийг гайхуулах юм. Мөн маргааш буюу долдугаар сарын 13-нд Морин хуурын фестиваль болох юм. Үүнд Өвөрмонголын Хөх хотоос “Тахь” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж манай морин хуурын чуулга, ардын урлагийн шилдэг хамтлагууд хамтран морин хуурыг гайхамшгийг мэдрүүлнэ. Долдугаар сарын 14-нд “Swing night” жазз хамтлагийн тоглолт болох юм” гэж хариуллаа.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn