10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна

-Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна-

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа хүчит бөхийн барилдаан эхэлсэн.

Наадмын торгон ногоон дэвжээнд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирж түмэн олноо баясгасан бол Монгол Улсын аварга, Ардын багш О.Балжинням баруун жигүүрийг магнайлсан.

Үндэсний их баяр наадамд зодоглохоор улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлэн уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилдаж байна.

Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй юм.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шорооджээ.

Өнөөдөр 09.30 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа, 11.20 цагаас дөрвийн даваа, 14.30 цагаас начны буюу тавын даваа эхлэх юм.

 

Хоёр давсан бөхчүүдийн нэрсийг хүргэж байна.

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж