Дэлхийд ганцхан Монгол наадам болж байна. Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ цэрэг эрсийн уухайн түрлэгтэйгээр есөн хөлт цагаан тугаа залж, хүндэтгэл үзүүлснээр наадам өчигдөр эхэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үйл ажиллагааг нээж, монгол түмэндээ хандан хэлсэн үгэндээ,
-Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна. Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм” гээд “Миний монгол мөнх оршиг ээ” гэж онцолсон юм.
Наадмын нээлтийг МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нар Төрийн дууллыг дуулж эгшиглүүлж, “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ толилууллаа.
Нээлтийн ёслолын ажиллагаанд 3000 хүн оролцжээ
Сүүлийн жилүүдийн үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолыг төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам найруулан наадамчин олныг баясгасан. Харин энэ жилийн тухайд наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюссерлож, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажилласан юм. Энэ жилийн наадмын нээлтийн нэгэн шинэ үзүүлбэр нь Монгол Улсад ашиглаж байсан автомашинуудыг наадамчин олондоо сонирхууллаа.
Нээлтийн ажиллагааны үеэр Их эзэн Чингис хааныг залж, баатар эрс уухайлан, сүр хүчит байдлыг илэрхийлэх санааг гаргажээ. Энэ жилийн ёслолын нээлтийн ажиллагаанд нийтдээ 3000 хүн оролцсон байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж байгаа хүмүүсийн багагүй хувийг гадаадын улс орнуудаас ирсэн жуулчид тухалсан харагдана.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН:
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа Эрийн гурван наадмын үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Наадмын торгон ногоон дэвжээнд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирж түмэн олноо баясгасан бол Монгол Улсын аварга, Ардын багш О.Балжинням баруун жигүүрийг магнайлсан.
Үндэсний их баяр наадамд зодоглохоор улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлэн уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилдаж байна.
Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй юм.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шорооджээ. Өнөөдөр 09.30 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа, 11.20 цагаас дөрвийн даваа, 14.30 цагаас начны буюу тавын даваа эхлэх юм.
МОРЬДЫН УРАЛДААН:
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн юм.
ХЯЗААЛАН:
64 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөлснөөс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор тус тус хурдаллаа.
ШҮДЛЭН:
Эхний аравт хурдалсан шүдлэнгүүд:
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы Лхагва-Очирын хүрэн
4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн
5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн
6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дэмчигцогийн зээрд
7. уяач З.Жавхлангийн Дуурсан халтар
8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Уламбаярын Туулай халтар
9. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Содбаярын халтар
10. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хул
Баяр наадмын эхний өдөр буюу өчигдөр азарга, их насны морьдын уралдаан болсон.
АЗАРГА (172)
Түрүү. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азаргыг Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлуулан, түрүүлж, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа.
Аманхүзүү. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээрийг Г.Отонбаяр хүү унаж, хурдлуулав.
Айргийн гуравт. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бунданг Б.Буяндэлгэр хүү хурдлуулав.
Айргийн дөрөвт. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат,аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиуныг С.Буджав хүү унаж, хурдлуулав.
Айргийн тавд. Ховд аймгийн харъяат Загджавын Мэндсайханы хээр чандман азаргыг Ж.Дашзэвэг хүү унаж, хурдлуулжээ.
ИХ НАС:
Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга,
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар,
Айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морь тус тус хурдалжээ.
Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан юм.
ҮНДЭСНИЙ СУР ХАРВАА.
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадам долдугаар сарын 7-ны өдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусад харваанаас ялгаатай. Энэ жилийн харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онож түрүүлэн улсын мэргэний болзол хангасан байна.
2-р байр: Ховд аймгийн Дуут сумын харьяат Дансрангийн Чулуунбат 27 оноо.
3-р байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Баастын Мөнхтөр 26 оноо.
4-р байр: Ховд аймгийн дуут сумын харьяат, Залуугийн Баярсайхан 25 оноо:
5-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.
Долдугаар сарын 8-ны өдөр болсон буриад сурын харваанд Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорилоо. Тэдэн дунд ОХУ-ын Буриад улсаас Баясгалан, Болд нарын харваачид ирж оролцсон байна.
Харваачид нийт 64 сум тавьснаас эрэгтэйчүүдээс буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 58,8 оноогоор түрүүлж, гоц мэргэний болзол, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55.6 оноогоор түрүүлж, хошой мэргэний болзлыг хангажээ. Мөн спортын мастер цолыг 3 эрэгтэй, спортын дэд мастер цолыг 8 эрэгтэй, нэг эмэгтэй харваач биелүүлсэн байна.
Эрэгтэй: (120 харваач)
1-р байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Ашавгад” ХХК-ий харваач, буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 64 онооноос 58,8 оноо авч гоц мэргэний болзол хангалаа.
2-р байр: “Хангарьд” спорт кулбийн тамирчин, Нямсүрэнгийн Өлзийхутаг 58,7 оноо.
3-р байр: Сэлэнггэ аймгийн Ерөөл сумын уугуул, “Алдар”, “Жем интернэшнл” компаний харваач Базарын Батбаатар -58,5 оноо.
4-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Дөргөний Чулуунбаяр – 58,4 оноо.
5-р байр: Өмнөговь аймгийн харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Жанчивын Баттөмөр 57,6 оноо.
Эмэгтэй: (42 харваач)
1-р байр: Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатр дүүрэг, "Хот Монгол" групп, "Алтандуулга" компаний харваач, буриад сурын улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55,6 оноогоор хошой мэргэний болзол хангалаа.
2-р байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат “Шинэ Налайх” багийн харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа, 54,8 оноо
3-р байр: Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Батмөнхийн Сүгир 54,5 оноогоор спортын дэд масрын болзол хангалаа.
4-р байр: Дорнод Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” компаний харваач Батын Бутваа 54,4 оноо.
5-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Жем интерншл” компанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг -53,3 оноогоор тус тус шалгарсан байна.
ХАЛХ ХАРВАА:
Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.
Үндэсний сур харвааны хана харваа эхэлж явагдах бөгөөд энэхүү харваанд 20 сумнаас 8-с дээш оноо авсан харваачид хасаа харваанд оролцох юм. Улмаар хана(20) болон хасаа харвааны(12) 32 сумаас хамгийн өндөр харвасан шилдэг найман харваач шигшээ харваанд харвах эрхийг авна.
Өчигдөр эхэлсэн халх харваанд харваачид эхний 20 сумаа тавьснаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хамгийн өндөр оноотой найман харваачид тодроод байна.
Эрэгтэй: 20 сумнаас
- Ш.Даваахүү – 19 (мэргэн)
- Ш.Мягмар -19
- Б.Пүрэвдорж -19
- Б.Ёндон -18 (улсын мэргэн)
- Э.Цогтбаяр –18 (спортын мастер)
- А.Баттөр -18 (спортын мастер)
- Т.Очироо 18 (спортын дэд мастер)
- Л.Отгонбаяр –17 (гоц мэргэн)
Эмэгтэй: 20 сумнаас
- Д.Норжмаа –19 (улсын мэргэн)
- М.Мөнхцэцэг –19 (спортын дэд мастер)
- О.Чинзүрх –18 (спортын мастер)
- Б.Пунсалдулам 18 (спортын мастер)
- М.Мөнх-Амгалан – 18 (спортын мастер)
- Ө.Гантуул – 18 (залуу харваач)
- С.Энхтунгалаг – 17 (улсын мэргэн)
- И.Цэцэгмаа -17 (спортын мастер) тус тус эхний 20 сумнаас хамгийн өндөр оноог аваад байна.
Өнөөдөр Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 08.00-12.00 цагийн хооронд болно. Ингээд хасаа харвааны адаг өрөг 12.00-13,40 цагийн хооронд болж, түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа 13.40-14.00 цагийн хооронд Сурын талбайд болох юм.
ШАГАЙН ХАРВАА
Үндэсний баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваач оролцож байна. Энэхүү наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваачид аж. Одоогоор шагайн харвааны шилдэг найман баг тодроод байна.
Ч.БОЛОРЧУЛУУН