Дарьганга нутгийн өнгийг гэрэл зургийн хальснаас

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Дарьганга нутгийн өнгийг гэрэл зургийн хальснаас

Зураач, уран барималч, гэрэл зурагчин Д.Амараагийн “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээЗанабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд толилууллаа.

Энэ үеэр мөн “Дарьганга нутгийн өнгө” нэртэй гэрэл зургийн цомог олны хүртээл болсон юм. Уг цомогт хуучнаар Сэцэнхан аймгийн “Дарьганга хошуу” буюу одоогийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумын үзэсгэлэнт байгаль, талын чимэг болсон ан амьтад, зон олны ахуй амьдрал, зан заншил, өв соёл, түүхийн онцлогийг харуулсан 350 орчим гэрэл зураг нийтлэгдсэн байна. Харин үзэсгэлэнд цомогт орсон бүтээлүүдээс дээжлэн 70 орчим бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Тэрбээр энэхүү цомгоо бүтээхийн тулд дээрх зургаан сумын нутгаар 20 мянга орчим км замыг туулан аялжээ. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, МУСГЗ Г.Мэнд-Ооёо, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, аймгийн дарга асан мөн УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, доктор Ч.Хурц, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан зэрэг тус аймгийн нэр хүндтэй эрхмүүдээс эхлээд ангийн нөхөд, нутгийн ахан дүүс нь хүрэлцэн ирсэн юм.

Гэрэл зурагчны уран бүтээлч эрэл хайгуулын ажлыг дэмжин хамтран ажилласан аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Д.Амараагийн хоёроос гурван жилийн нөр их хөдөлмөрийг бид бүгд нэг цаг дор маш цөөхөн минутад багтаан үзэж харж байна. Эндээс зуны амралтаараа аялах маршрутаа гаргаж авч болно. Мөн гадаадын жуулчдад зориулсан гарын авлага болох боломжтой.” гэдгийг онцлон дурьдсан юм.

Д.Амараа: Нутаг маань гоо сайхнаа харамгүй дэлгэсэн

Энэ сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх “Дарьганга нутгийн өнгө”үзэсгэлэнгийн эзнээс цөөн хэдэн зүйл тодруулснаа хүргэе.

-Уран бүтээлийнхээ сэдвээр яагаад заавал Дарьганга нутгийг сонгов?

-Би өөрөө Дарьганга нутгийн уугуул. Энэ л нутгийнхаа байгалийн гоо үзэмжийг үргэлж биширч ирсэн. Бас өвөрмөц зан заншил, түүх соёлыг нь ч анхааран сонирхож байдаг. Тийм болохоор гэрэл зураг хөөж эхлэхдээ өөрийн гэсэн фокустай болъё гэж бодоод, байгаль ертөнц, түүх соёл, зан заншил гэсэн сэдвийг барьж авч, нутгаасаа эхэлсэн. Ингээд өч төчнөөн зураг аваад, цуглуулаад ирэхээд энэ бүхнийг ганц өөртөө хадгалах биш бусад хүмүүст мөн хуваалцахыг хүсдэг юм байна. Үүний тулд хамгийн түрүүнд ном бүтээх нь зүйтэй гэж шийдээд “Дарьганга нутгийн өнгө” цомгоо гаргалаа, үзэсгэлэнгээ ч нээлээ. 

Цомгоо бүтээхийн тулд 20 мянган км зам туулсан гэсэн. Энэ урт замыг туулахад бэрхшээл зовлон, адал явдал багагүй л тохиолдсон байх …

Тийм ээ, хэдий урт зам туулсан ч гэлээ нутгийн зон олон найрсгаар угтан авч, чадах бүхнээрээ тусалж байсан. Нутаг маань ч гоо сайхнаа харамгүй дэлгэн үзүүлсэн. Хэцүү гэхээсээ илүүтэй азтай, сайхан мөчүүдийн тухай хэлэхийг хүсч байна. Жишээлбэл, Онгон сумын будрын чулуунд өглөө эрт гүү унагалахтай таарч байлаа. Талын саарал чоныг ойроос харж, зургийг нь авч чадсандаа омогшиж явлаа. 

Адуучин эр 700 гаруй адуугаа тууж, тэр олон адууны тоос босох сүрдэм дүр төрхийг дурандаа буулгаж авч чадсан. Мөн домогт Ганга нууранд чуулсан олон мянган хун нуураа орхин нисэх гайхашигт мөч, Шилийн богдын оройд уухай хадаах зуу зуун эрс гээд давтагдашгүй мөчүүдийг нүдээр үзэж, чихээр сонсон, сүүдрийг нь авч үлдэх завшаан цөөнгүй тохиож байсанд ихэд олзуурхан талархаж байгаа. Ийм онцгой мөчүүдээс эхлээд өчүүхэн жижиг хорхойг хүртэл дурандаа буулгахыг чармайж байсан.

Сэтгүүлч Э.Ирэхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж