Өнөөдөр монголчууд Төрийн далбааны өдрөө долоо дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол төрийн билэгдэл болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, уламжлалаа нандигнан хадгалах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Н.Батбаяр нар 2008 онд санаачлан батлуулж байжээ. Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэх болсон юм.
Одоогоос долоон жилийн өмнө 2008 онд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн анх удаа “Азидаа хамгийн өндөр төрийн далбааг Монголд мандуулна” хэмээн амлаж, 2008 оны долдугаар сарын 9-нд Төв цэнгэлдэхийн өмнөх талбайд 50 метрийн өндөрт 20х10 метрийн өргөнтэй Монголын хамгийн том Төрийн далбааг мандуулаад байв. Турк улсад захиалж хийлгэсэн, Азид хамгийн томд тооцогдох энэхүү далбааг уг нь Зайсан толгойн оройд мандуулахаар төлөвлөж байсан ч тухайн үеийн хотын захиргаанаас зөвшөөрөл өгөөгүйн улмаас Төв цэнгэлдэхийн өмнө авчирсан билээ. Харин түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт, Ц.Дашдорж, Ж.Сүхбаатар, Н.Батбаяр нар хуулийн төсөл санаачилж, монголчууд Төрийн далбааны өдрөө нийтээр тэмдэглэх болсон юм.
Б.ЗАЯА