Хаврын чуулган хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдаан болов. Хуралдаанаар  Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Хилийн тухай хууль зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Зарим хууль редакцийн засвар оруулж, баталгаажуулав.

 УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хааж, баталсан хуулиудын ач холбогдлыг дүгнэн  хэлэхдээ “ Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан “… газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй” гэв.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж