Серена Уильямс шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Серена Уильямс шигшээд шалгарлаа

Зургадугаар сарын 29-ний өдөр Английн Лондон хотноо эхэлсэн “Уимблдон” өндөрлөх шатандаа ирлээ. Өнгөрсөн шөнө тус тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд болж, АНУ-ын Серена Уильямс, Испанийн Гарбине Мугуруза нар шалгарлаа.

Энэ оны хоёр “Их дуулга”-д дараалан түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлсээр байгаа Серена Уильямсийн хувьд шөвгийн наймд Беларусын Виктория Азаренкаг гурван сэт үргэлжилсэн тоглолтод буулган авсан юм. Тэгвэл түүний эсрэг ОХУ-ын Мария Шарапова гарч ирсэн. Гэвч энэхүү тоглолтод Серена хүчтэй байж 6:2, 6:4 онооны харьцаагаар хожиж, шигшээд өрсөлдөх эрхийг авлаа.

Харин нөгөө хэсгээс Испанийн 21 настай залуу теннисчин Гарбине Мугуруза шалгарлаа. Тэрээр хагас шигшээд 13-т эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньскаг 6:2, 3:6, 6:3-аар хожиж, “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна.

Испанийн Гарбине Мугуруза Германы А.Кербер, Данийн К.Возниацки нарын шилдэг теннисчдийг гурав, дөрөвдүгээр тойрогт хожжээ.

129 жилийн түүхтэй “Уимблдон”-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, Испанийн Гарбине Мугуруза нар шалгарлаа.

Өнөө шөнө эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж