Та Монгол улсад анх удаа ажил
хэргийн айлчлал хийлээ. Манай орны тухай ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй
байсан бэ? Ирээд нүдээр үзсэн мэдрэмж төсөөллөөс тань хэр өөр байв?
айлчлал хийсэндээ их баяртай байна. Бидний хувьд төрийн болон хувийн
хэвшлийн хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзаж, банкны үйл ажиллагаа
явуулдаг орнуудад хийж байгаа ажлынхаа үр дүн ямар байгааг харах
бололцоотой байх нь чухал байдаг.
Миний хувьд Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий
сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч болон бизнесийн салбарын
төлөөллүүдтэй уулзсандаа сэтгэл хангалуун байна. Мөн айлчлалын үеэр
Монгол улсын хөрөнгийн зах зээлийг дэмжихэд чиглэсэн Монголын Хөрөнгө
оруулалтын санд ЕСБХБ-наас оруулах 25 хувийн шууд хөрөнгө оруулалтын
гэрээнд гарын үсэг зурсныг мэдэгдэхэд таатай байна.
Монгол улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтүүд болон бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмж, Улаанбаатар хот хийгээд Өмнөговь аймаг дахь Оюутолгой уурхайгаар зочлохдоо харсан болон сонссон зүйлс маань миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө. ЕСБХБ нь Монгол улсын хувьд хөгжлийн асар их нөөц бололцоо байгаа талаарх танай төр засгийн байр суурь, үзэл баримтлалтай санал нэг байдаг. Гэхдээ эдгээр боломж бололцоо нь мэдээж хэрэг, өөрийн гэсэн сорилт шалгууруудыг давхар агуулж байгаа. Жишээлбэл, уул уурхайгаас орох ашиг өгөөжийг нийт монголчуудад хүртээхийн тулд уул уурхайн ашиг орлогыг ил тод, зохистой арга барилаар захиран зарцуулах нөхцөлийг хангах нь зайлшгүй шаардлага юм.
Та энэ удаа Монгол улсад ямар зорилго өвөртөлж ирэв. Зорьсон хэргээ бүтээв үү? Энэ айлчлалаар бодитой ямар ажил хэргийг амжуулсан бэ?
Монголын төр, засгийн удирдлагуудтай уулзсанаар Монгол улсад өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн талаарх ойлголт маань нэмэгдэж, Монгол улс шилжилтийн үеэ даван туулахад ЕСБХБ-ны зүгээс цаашид ямар арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж болох талаар ярилцан хэлэлцэж чадлаа.
Монгол улсад, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбар, хувийн хэвшлийн салбарт дэд бүтцийн хэрэгцээ шаардлага ямар байгааг харлаа. Цаашид Монгол улсад бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монголын хөрөнгө оруулалтын санд 10 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөрөнгө оруулалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
Монголын Хөрөнгө оруулалтын санд оруулсан 10 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт нь Монголд эрчимтэй өргөжин тэлж буй жижиг болон дунд бизнес /ЖДБ/-ийн салбарт зориулсан капиталын олдоц, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хамгийн гол нь тус сан байгалийн баялаг, уул уурхайгаас бусад салбарт үйлчлэх зорилготой бөгөөд уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, хүнсний үйлдвэрлэл болон хүнсний бүтээгдэхүүний хангамжийн салбар, түүнчлэн бага хэмжээний дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесүүдэд урт хугацаат хөрөнгө оруулалтын санхүүжилт дутагдах үед нь дэмжлэг үзүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.
Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэд бүтцийг дэмжих, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхэд зориулсан техникийн тусламж үзүүлэхэд анхаарч байгаагаа Та Монголын төр, засгийн удирдлагуудтай уулзахдаа хэлсэн. Энэ талаар хэрэгжүүлж буй ажлаа илүү тодруулж ярина уу?
Манай техник туслалцааны бусад хөтөлбөр нүүрснээс хэт хамааралтай байгаа эдийн засгийг илүү өргөн хүрээнд олон талтай хөгжүүлэхэд тус дөхөм болохуйц сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх болно.
Ялангуяа энэ үйл явцад салхины эрчим хүчний үйлдвэрлэл нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
ЕСБХБ Монгол улсад хамгийн дэвшилтэт салхины эрчим хүчний төсөл болох Улаанбаатар хотын ойролцоо байгуулагдах 50 МW хүчин чадалтай салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил дээр үндэсний компанитай хамтран ажиллаж байна. Банк тус компанийн 25 хувийг эзэмших болсон бөгөөд одоогоор төслийн үйл ажиллагааны эхлэлтийн зардлын 25 хувийг хариуцан санхүүжүүлж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхийн маш олон оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Улс орон бүрт өөрийн онцлог бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байх. Монгол улсынх бусад улсаас юугаараа онцлог, ялгаатай вэ?
Монгол улсын хувьд уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Уг салбарыг тогтвортой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай хэлбэрээр хөгжүүлэх, ингэснээр тус салбар нийт хүн амд бүхэлд нь үр шимээ хүртээж, өргөн хүрээнд аж үйлдвэрийн болон ЖДБ-ийн хөгжлийн гол сувгийн үүрэг гүйцэтгэдэг байх нь чухал юм. Тогтвортой уул уурхайн салбарын өсөлтийг дэмжих чиглэлээр ЕСБХБ ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Хоёрдугаарт, Монгол улс нэн даруй шийдвэрлэх ёстой ихээхэн хэмжээний дэд бүтцийн хэрэгцээ, шаардлагатай нүүр тулаад байна. Дэд бүтэц сайн байх нь иргэдийн амжиргааны түвшинг сайжруулж, худалдаа аж үйлдвэрлэлийн таатай орчныг бий болгодог. ЕСБХБ нь ялангуяа хөдөө орон нутгаас олон тоогоор тасралтгүй ирэх шилжин суурьшигчдын урсгалд дарагдсан Улаанбаатар хотод цэвэр усны хангамж болон бохир ус цэвэрлэх үйлчилгээ, нийтийн тээврийн сүлжээг сайжруулахаар ажиллаж байна.
Гуравдугаарт, Монгол улсын хүн амын нэлээд хэсэг буюу 35 хувь нь ядуурлын түвшнээс доогуур нэн ядуу амьдралтай иргэд бөгөөд тулгарч буй гол асуудал нь тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах замаар амьдралаа дээшлүүлэх боломжоор хангахад оршино. Энэ нь ЕСБХБ Монгол улсад хүчирхэг ЖДБ-ийн салбарын хөгжилд түлхүү анхаарлаа хандуулдаг шалтгаануудын нэг юм.
Эцэст нь, Монгол улс цаг агаарын хувьд дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах нь нэн чухал бөгөөд ЕСБХБ-ны хувьд ч энэ нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг.
Танай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг улс орнуудад эдийн засгийн ямар өөрчлөлт, чиг хандлага ажиглагдаж байна вэ?
Үйл ажиллагаа явуулсан 20 жилийн хугацаанд бид өөрийн бүсийн улс орнуудын талаар маш их зүйл сурч мэдсэн. Хөрөнгө оруулалт хийсэн орнуудынхаа түүхэн хөгжлийн үйл явцад гэрч болохын зэрэгцээ уналт, саад бэрхшээлийг ч мөн харж байлаа. 1998 оны ОХУ-ын хямрал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нь бидний хувьд нэлээд хатуухан сорилтууд байсан. Гэхдээ аль ч тохиолдолд ЕСБХБ шуурхай, баталгаатай, шийдэмгий хариу арга хэмжээ авч чадсан. Бид олон улсын санхүүгийн бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж, хямралыг арилгах үйл явцад тодорхой үүрэг гүйцэтгэж чадсан ба өнөөдөр хямралын дараах сэргээн босголтыг баталгаажуулахад нэгэн зорилготойгоор ажиллаж байгаагаараа бахархдаг. “Бидний үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын хүчтэй тал бол бидний хүчтэй тал, тэдний ололт амжилт нь бидний хувьд эцсийн зорилго болон амжилт маань юм” гэсэн уриатай ажилладаг.
Өнөөдөр бүсийн хэмжээнд шинэ орон сууцны барилгууд, орчин үеийн банкны салбар, шинэчлэн сайжруулсан цахилгаан станцууд буюу эсвэл хамгийн өндөр стандарт бүхий нэгдсэн халаалтын систем гэх мэт бүтээн байгуулалт илт харагдаж, мэдрэгдэж байна. ЕСБХБ-ны үйл ажиллагаа үнэхээр олон газарт хүрсэн төдийгүй хэрэгжүүлсэн 3000 гаруй төслүүдийн хүрээнд Банкны үндсэн чиг үүрэг бодитой бөгөөд тодорхой харагддаг.
Бидний хийсэн ажлыг их өргөн хүрээнд, тэр дундаа Газар дундын тэнгисийн өмнөд бүс нутагт ихээхэн анхааран ажиглаж байгаа бөгөөд ЕСБХБ-ны зүгээс хувь нийлүүлэгчдийнхээ хүсэлт шаардлагыг сонсох үүргээ хэзээ ч умартахгүй, сайн биелүүлэх болно. Хэрвээ бид шинэ оронд үүрэг даалгавар гүйцэтгэхээр болбол тэр нь гагцхүү өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа одоо ч хэрэгцээтэй байгаа үйл ажиллагаанууд дээр нэмэлт дэмжлэг хэлбэрээр хийгдэх болно.
Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хэрхэн үнэлж байна вэ? Боломжийг хэрхэн харж байна вэ?
Монгол улсын хувьд дэлхийн эдийн засгийн хямралын дараа эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд өрнөсөөр байна. Гэхдээ шийдвэрлэх асуудлууд, даван туулах бэрхшээл цөөнгүй байна. ЕСБХБ ч энэ чиглэлд идэвхтэй үүрэг хүлээн ажиллах болно.
Монгол орны байгалийн баялгийн нөөц нь хөрөнгө оруулагчдын асар их сонирхлыг төрүүлсээр байна. Байгалийн баялаг ихтэй улс орнуудад тухайн баялаг нь бурхны ивээл биш хараал болон хувирах явдал дахин дахин давтагдахыг бид харсан. Өнөөдөр Монголын эдийн засгийн тухай бичсэн ямар ч нийтлэл мэдээллийг уншихад “Голланд өвчин” гэсэн хэллэг дурдагдаагүй байх нь ховор. Монгол улс байгалийн баялаг ихтэй орнуудад тулгардаг аюул, бэрхшээлүүдээс зайлсхийж сэргийлэх нь маш чухал.
Уул уурхайн төслүүдийн хүлээгдэж буй өсөлт хөгжил нь анхдагч дэд бүтцийг хөгжүүлсэн байхыг шаарддаг. Оюутолгойн алт, зэс болон Тавантолгойн нүүрсний нөөц гэсэн одоогоор бэлтгэл шатандаа хэрэгжиж байгаа хоёр томоохон төсөл Монгол улсын ирээдүйн хөгжилд ихээхэн чухал нөлөө үзүүлнэ. Ингэхдээ дэд бүтцийг хөгжүүлэхээс эхлээд Тогтвортой байдлын сан байгуулах хүртэлх зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар хамтад нь шийдвэрлээсэй.
Засгийн газар ялангуяа нийгмийн салбарт олон асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаарлагатай нүүр тулгараад байгаа энэ үед эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа дэд бүтцийн зарим хэсгийг хувийн сектороос санхүүжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарна. Тиймээс Засгийн газар санаачлаад Концессыг зөвшөөрсөн хууль эрх зүйн зохицуулалт бий болгож байгааг харахад сайшаалтай байна.
ЕСБХБ-ны Монгол улсад явуулж буй үйл ажиллагааны зорилго нь бид хөрөнгө оруулах замаар тус улсын хөгжлийн нөөц бололцоо, чадавхийг дэмжиж, бэхжүүлэхэд оршдог. Ингэхдээ орон нутгийн бизнесээс хүнсний үйлдвэрлэл, санхүүгийн салбар болон дэд бүтэц гэх мэт их өргөн хүрээг хамардаг. Хийгдэж байгаа бас нэг чухал ажил бол Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болох ЖДҮ-ийн салбарын эрчтэй хөгжлийг дэмжиж буй Удирдлагыг үндсээр нь өөрчлөн байгуулах (Turn Ground Management) болон Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрүүдийн (Business Advisory Services Programme) хэрэгжилт юм.
Монгол улс шиг асар их байгалийн баялагтай орны хувьд эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь дэлхий улс орнуудын шийдвэр гаргагчдын дийлэнхийнх нь хувьд ихэнхдээ тулгардаг бэрхшээл мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь асуудлыг ямар нэг байдлаар хялбарчлахгүй.
Бидний хувьд нэн тэргүүнд хийгдэх ёстой ажил бол санхүүгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх, цаашид хөгжүүлэх бөгөөд ингэснээр уул уурхайгаас олохоор тооцоолж буй орлогыг зохицуулах бололцоотой болж, өсөн нэмэгдэж буй уул уурхайн ханган нийлүүлэлтэд зориулан өрсөлдөхүйц хэмжээний хүүтэй санхүүжилт олгох боломжтой болох юм. Засгийн газрын гүйцэтгэх ёстой дараагийн нэг чухал зорилт бол төсвийн орлого зарлагаа тэнцвэржүүлэх явдал. 2010 онд батлагдсан Монгол улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон түүний хэрэгжилт нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй томоохон алхам болсон.
ЕСБХБ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 20 жил өнгөрч байна. Танай банкны үйл ажиллагааны үндсэн зарчим, арга барил нь юу вэ?
Миний Монгол улсад хийж буй айлчлал маань 1991 оны дөрөвдүгээр сарын 15-нд Лондон хотноо хуралдсан ЕСБХБ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн анхны хуралдааны 20 жилийн ойн өдөртэй давхацсанаараа онцлог байлаа. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд манай байгууллага шилжилтийн үйл явцад дэмжлэг үзүүлэх чиглэлээр багагүй амжилтад хүрсэн гэж үзэж байна. 2010 оны эцсийн байдлаар ЕСБХБ дотоод эх үүсвэрээсээ 60 гаруй тэрбум евро, мөн гуравдагч талын санхүүжилтээр 115 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн нь нийт дүнгээр 180 орчим тэрбум евротой тэнцэж байна.
Манай банкны үүсгэн байгуулагчдын сонгосон ЕСБХБ-ны бүтэц, үйл ажиллагааны өвөрмөц загвар үр дүнтэй хэрэгжиж байна. Банк маань улс орны Засгийн газрууд, Олон улсын байгууллагуудын эзэмшилд байдаг хэдий ч гол ажил үүрэг нь хувийн бизнесийг дэмжихэд оршдог. Бид өөрчлөлт шинэчлэлтийг дэмжихийн зэрэгцээ тодорхойгүй нөхцөл байдал, хямралын үед найдвартай хамгаалалт, тулах хүчний үүргийг гүйцэтгэдэг.
Монгол улс болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Монгол улсад ЕСБХБ 2006 онд анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд “бидний туршлага, ур чадвар маань эдийн засгийн болон улс төрийн шилжилтийн үйл явцыг урагш ахиулахад туслах болно” гэж бид хэлж байсан. Түүнээс хойш бараг 5 жил өнгөрчээ. Энэ завшааныг ашиглаад манай Банк Монгол улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа дахин бататгаж, танай оронд явуулж буй үйл ажиллагаагаа цаашид ч идэвхитэй үргэлжлүүлнэ гэдгийг хэлье.