Бид хамтдаа бүхнийг давж чадна

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Бид хамтдаа бүхнийг давж чадна

 

Москвагаас 1000 гаруй км зайтай Башкирын нийслэл Уфа хотноо “BRICS” буюу хөгжиж буй улсуудын бүлгийн удирдагч нар дээд хэмжээний уулзалтаа хийж байна. Уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын дарга Си Жинпинд хандан “Хоёр орон хамтарснаар бүхий л хүндрэлийг давж чадна” гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татлаа.

 

Хоёр орны төрийн тэргүүн лхагва гаригт Уфад ирсэн юм. Украины зөрчил хямралаас үүдэн Барууныхантай харилцаа муудсанаар ОХУ Хятадтай  эдийн засгийн харилцаагаа илүү нэмэгдүүлсэн. Тухайлбал, ОХУ өнгөрсөн онд Хятад руу байгалийн хий нийлүүлэх олон тэрбумын өртөгтэй урт хугацааны гэрээ байгуулсан юм. Улс төрийн түвшинд ч хоёр орон нэгнээ дэмжсэн байр суурь баримталсаар ирсэн. Барууны эдийн засгийн хориг, газрын тосны үнийн уналтаас үүдэн ОХУ-ын валютын ханш унаж, эдийн засагт хүндрэл үүсээд буй. Харин Хятадын тухайд олон жил үргэлжилсэн зах зээлийн өсөлт нь саарах хандлагатай болж иржээ.

 

Энэ удаагийн “BRICS”-ийн уулзалтын үеэр Грект санхүүгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэхгүй гэдгийг ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев өмнө нь мэдэгдсэн. Гэхдээ уулзалтын үеэр Грекийн өрнийн хямралаас үүдсэн евро бүсийн нөхцөл байдлын талаар зайлшгүй хэлэлцэнэ гэжээ. “BRICS”-ийн орнуудад доллар “ноёрхсон” дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрчлөх нэгдсэн сонирхол байдаг. Тиймдээ ч өмнөх жил Бразильд болсон “BRICS”-ийн уулзалтаар 100 тэрбум долларын хөрөнгө бүхий хөгжлийн банк болон онцгой байдлын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Хятадын Шанхайд төвтэй тус банкны анхны ерөнхийлөгчийг нь Энэтхэгээс сонгохоор зөвшилцөлд хүрсэн аж.

 

Уфад “BRICS”-ийн уулзалт дуусмагц залгаад /VII.10/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /SCO/ ШХАБ-ын саммит үргэлжлэж байна. Хоёр чуулга уулзалтаар эдийн засгийн дэд бүтэц, эрчим хүчний салбарын том төслүүдийг хэлэлцэх аж.

 

“BRICS”-ийн бүлэгт ОХУ, Хятадаас гадна Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк улсууд багтдаг бол ШХАБ нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан улсыг нэгтгэсэн байна. Энэ жил ШХАБ-ын уулзалтанд Энэтхэг, Иран, Пакистан, Монгол зэрэг орнууд ажиглагчаар оролцох аж. ШХАБ-ыг 2001 онд Евро-Азийн  улс төр, эдийн засаг, цэрэг армийн хамтын ажиллагааг бүрдүүлэх зорилгоор Шанхайд үүсэн байгуулсан юм.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж