Тавантолгойн орд газарт 1975, 1978-1981, 1989, 1991, 1998-1999, 2005-2006, 2009 онуудад урьдчилсан болон нарийвчилсан хайгуул, Техник, эдийн засгийн vндэслэл зэргийг боловсруулж байв.
2011 оны дөрөвдүгээр сард Цанхийн зүүн хэсгийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталсан. Одоо баруун хэсгийн ТЭЗҮ-ийг JORC кодод хөрвүүлсэн нөөцийн үнэлгээ хүлээгдэж байна.
Төрийн мэдлийн хэсгийн ашиглалтыг “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” хариуцаж байна.
Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах олон улсын компанийг тодруулах тендерийн үнэлгээ хийгдэж байгаа.
Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон улсын компани, консорциумын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тэргүүнээр ТӨХ-ны дарга Д.Сугар, гишүүдээр ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хараат бус гишүүн статусаар Маркшейдерийн холбооны тэргүүн доктор, профессор Д.Дондов, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү, иргэний хөдөлгөөний Ж.Батзандан нар сонгогдсон.
“Эрдэнэс Таватолгой” компанийн олон улсын Хөрөнгийн биржид хийх IPO-г зөвлөж явуулахаар сонгогдсон хөрөнгө оруулалтын банкууд судалгаагаа эхлүүлсэн.
Нууцлах тусам НО-той санагддаг
Тавантолгойн орд газрыг ашиглах тухайд тодорхой байгаа мэдээллүүдийг дээр дэлгэн сануулав. Тодорхой мөртлөө тодорхойгүй шалтгаанаар нууцлагдсан бас бус мэдээлэл бий гэдгийг ч бас сануулъя.
Жишээ 1. Боловсруулагдаж байгаа ТЭЗҮ-ийн тухай мэдээлэл олохоор сар гаруй хөөцөлдлөө. Салбарын сайд, Ашигт малтмалын газар, судлаач эрдэмтэд, толгой компанийнхан гээд мэдэж болох хүмүүсээс лавласан боловч “Б.Энэбиш захирал мэднэ” гэснээс өөр хариулт эс олдох. Угтаа бол Б.Энэбиш захирлаас энэ тухай хамгийн түрүүнд асуусан төдийгүй, хариу авч чадсан бол хаа сайгүй явж, цаг үрэх хэрэггүй байлаа. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцад нөлөөлж буй хэд хэдэн тулгамдсан асуудлын нэг нь Техник, эдийн засгийн үндэслэлийн талаар нэг мөр, тогтсон дүн сонсохоор хаа хаанаа хүлээлт үүсчихээд буй. ТЭЗҮ-ийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд JORC код руу Канадын Norwest компани хөрвүүлж байгаагаас өөр мэдээлэл дулимаг цаг үе.
2011 оны дөрөвдүгээр сарын 11. Ерөнхийлөгч Тавантолгойн тухай мэдээлэл сонсохоор цаг товложээ. Иргэний нийгмийн төлөөллийг байлцуулж, ээлжит шоугаа хийх нь гэх зэргээр тал талын үнэлэлттэй эхэлсэн уулзалт сэтгүүлч надад ямартай ч овоохон олз өгсөн юм. Ерөнхийлөгчийн ачаар өнөөх хариу хүлээсэн асуултуудад минь мөнөөх Захирал тодорхой гэгч нь хариулж гарах нь тэр. Тавантолгойн ТЭЗҮ-ийг ордын баруун, зүүн Цанхи тус бүрт нь боловсруулж буй аж. Улмаар Цанхийн зүүн хэсгийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын эхээр Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулжээ. Техник, эдийн засгийн уг үндэслэлээр тухайн талбай нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс 700 гаруй сая тонн нь сайн чанарынх нь гэв. Хэл амыг нь сугалахаа дөхөж, дахин лавлаж, уурлах шахам болж байж хариу авсан Ерөнхийлөгчийн зүтгэлийг сэтгүүлчид үнэлэв. Бас талархав.
Гэвч энэ өдөр хэвлэлээр цацагдсан зүүн Цанхийн тухай мэдээлэл нууцлах тусам хар төрүүлдгийн бас нэг гайг дагуулах нь тэр. Ууган яргуйтай уралдан гарч ирдэг жагсагчид Монгол улсын иргэн бүрт ногдох “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зөвхөн 700 сая тонн нүүрсний ашгаас хуваарилахаар болж хэмээн хэсэг үймэв. Түйвээнд нь иргэд бас эргэлзээд амжив. Тодорхой хийгээд дорвитой тайлбар хийсэн бол энэ мэт эрээвэр хийрхэл үүсэхгүй байсан нь ойлгомжтой.
Жишээ 2. Ерөнхийлөгч: Энэ уулзалтад өөд өөдөөсөө хараад сууж байгаа Та нөхөд /Уулзалтад ТӨХ-ны дарга Д.Сугар, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр, М.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, эдийн засагч Н.Дашзэвэг, С.Авирмэд, Д.Содном, Ч.Хурц, Ж.Занаа нар байлцсан/ нэг зүйлийн төлөө зүтгэх ёстой байтал эрс тэс байр суурьтай, хоёр өөр гаригаас энд цуглуулсан юм шиг зүйл ярих юм. Ажлаа хуваагаад, хамтраад хий л дээ.
С.Авирмэд: Үгүй ээ, Ерөнхийлөгч өө. Тийм боломжийг хариуцаж байгаа хүмүүс нь олгодоггүй юм. “ТЭЗҮ болон ордыг ашиглах төлөвлөгөөгөө С.Авирмэд докторт үзүүлж, зөвлөлд” гэж Н.Алтанхуяг сайд Б.Энэбишд үүрэг болгож байсан. Гэтэл одоо болтол надад үзүүлэхгүй байгаа.
Н.Алтанхуяг: Энэбиш ээ, чи чинь яачихсан нөхөр вэ. Үзүүлээд, зөвлөлдөөд хамтарч ажилла гэж хэлээд байхад…
Б.Энэбиш: Ойлголоо, дарга аа. Гэхдээ урьд нь Ч.Хурц гуайгаас эхлээд уул уурхайн эрдэмтдийн санал дүгнэлтийг авсан. Одоо аль болох оролцуулъя.
Ч.Хурц: За, Энэбиш минь тэгж худлаа хэлээд юу хийхэв. Чи надаас ямар ч санал аваагүй шүү дээ…
Хэн нь үнэн хэлсэн, хэн нь хэндээ үзүүлсэн эсэх нь энд чухал биш. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” компани хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтийн өмнө нээлттэй, ил тод гүйцэтгэдэг байсан бол инээд хүрэм ийм маргаан Төрийн ордонд өрнөхгүй байлаа. Ядаж хийснийхээ дараа биш хэрэгжүүлж байхдаа мэдээлдэгсэн бол тэр шүү дээ. Иргэний нийгмийнхэн, эдийн засагчдын хэлснээр Тавантолгойн асуудалд тэдний байр суурь, саналыг ганц ч удаа сонсоогүй гэнэ. Сонссон ч байж мэднэ. Тал талын санал, зөвлөмжийг авч, түүнийгээ ил хэлбэрээр зохион байгуулсан бол энэ мэт маргааныг шүүн тунгаах боломж танхимд байсан хэн хүнд олдох боломжтой байлаа.
Нууцлах тусам ноцтой санагдуулж, хар дагуулдгийн наад захын хоёрхон жишээ энэ. “Эрдэнэс МГЛ” компанийн байран дахь асуудлаа мэддэг арав, арваар тоологдох хүмүүсээс хэвлэлд ярилцлага өгөх эрхтэй ганцхан хүн байдаг, хэн хүний мэдэх ёстой энгийн нэг мэдээллийг хүртэл элдэв дамжлага, зөвшөөрлийн эцэст сая нэг олж авдаг гэхчилэн бусад жишээг энд өгүүлэхээ азная. Энгийн нэг сэтгүүлч байтугай Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Тавантолгойн явцын талаар мэдээлэл авах гэхэд нь нууц хэмээгээд өгөөгүй учир дээр дурдсан уулзалтыг зориуд зохион байгуулж буйгаа төрийн тэргүүн хэлж байсан.
Атгасан гар
Атгасан гарны нэг нь “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, нөгөө нь ТӨХ-ны дарга Д.Сугар. Аль аль нь харьяа байгууллагаа төлөөлөх цор ганц эрхийг өөрсдөдөө оноосон эрхмүүд. Хоёул нэг нэгийнхээ үйл ажиллагааны талаар чамлахааргүй мэдээлэлтэй төдийгүй хэн хэндээ итгэдэг. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо ийм байх ёстой гэх үлгэр жишээг үзүүлж чаддаг гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг юм билээ. Хурал уулзалтын өмнө хэлэлцэж тохирон үг хэлээ нийлүүлдэг амь нэгтэй албан тушаалтнууд гэж бас тэднийг цоллодог.
Гар гараа атгалцан нэг зүгт тэмүүлэх нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн тэд төдийгүй Тавантолгойн ашиглалтад хамааралтай хүн бүхэн зангидсан гар шиг бат холбоотойгоор ажиллавал асуудал шийдэгдэхэд амархан байхсан. Нэг талд ярьсныг нөгөө газарт үгүйсгэж, энд шийдсэнийг тэнд ойлгохгүй яваа энэ байдлын ирээдүй хэр гэрэлтэй бол. “Цуварч явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр”, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн нэг зүйлийн төлөө нэгдэж чадваас сэтгэл ханамж бүхий үр дүн ойрхон буй заа.
“Золиос”
Монгол улс хөгжлийн өндөрлөгт хүрч болох цаг үе ойрхон байна. Гэвч энэ чухал цаг үед хэнтэй хамтарч, хэнийг түншээрээ сонгох нь улс орны геополитикийн бодлогын эмзэг асуудал. Тийм ч учраас Тавантолгойн орд газрын стратегийн хөрөнгө оруулагч, гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт нэлээд нухацтай, олон талын нөлөөлөл, ашиг сонирхлыг бодолцсоны үндсэн дээр явуулах, хүссэн хүсээгүй харгалзах ёстой шийдвэр. Шалгаруулалтын явц удаашралтай байгааг зөвтгөж болох нэг шалтгаан энэ.
Нөгөөтэйгүүр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гар бие оролцсон гэх үндэслэлээр Засгийн газрын гишүүн гурван сайд өнөө хэр чичлүүлж буй. Тэгвэл “3 сайд, 3 албан тушаалтан” гэх сэм яриа улс төрийн хүрээлэлд өрнөж эхлээд байна. Оюутолгойгоор “цоллуулсан” гурван сайдын араас Тавантолгойтой холбогдох гурван албан тушаалтнаар “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТӨХ-ны Дарга Д.Сугар, тус хорооны Дэд дарга О.Эрдэнэбулган нар сонгогдсон сурагтай. Сонгуулийн өмнөх улс төрийн золиос болох вий гэж тэдэнд санаа зовних хэсэг ч бий юм билээ.
Хожмын өдөр чичлүүлэх алхмыг “Эрдэнэс Тавантолгой”-оор хэдийнэ хийлгээд эхэлчихсэн. УИХ-аас 2010 оны долдугаар сард баталсан тогтоолоор тус компани олборлолт, экспортын орлогоосоо Улсын төсөвт тухайн ондоо багтаж 12 тэрбум төгрөг оруулах ёстой байв. Гэтэл ордын зүүн хэсэгт үйл ажиллагаа эхлэх зөвшөөрлийг долдугаар сард авсан тэд есөн сарын дараа буюу дөнгөж одоо л хөрс хуулалтаа дуусгаж, сайн чанарын нүүрсний давхаргад хүрсэн гэж байна. Нэг үгээр, өнөөг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани хүнд машин механизм худалдаж авах, хөрс хуулах гэхчилэн хэдэн арван саяар зарлага гаргаснаас биш орлого олсон нь үгүй. Улмаар УИХ-ын дээр дурдсан тогтоолыг зөрчихгүйн тулд банкнаас хүүтэй мөнгө зээлж, 2010 онд Улсын төсөвт оруулах ёстой байсан 12 тэрбум төгрөгийг Сангийн яаманд шилжүүлсэн байгаа юм. Товчхондоо бол Монгол улсын төр арилжааны банкнаасаа хүүтэй мөнгө зээлж байна гэсэн үг. Ирээдүйн олборлолтын орлогодоо найдсан өр зээл дээр хүүг нь нэмж эргүүлэн төлөх үүрэг “Эрдэнэс Тавантолгой”-д ногдож байна. Угаас тус компанийн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалт хэрхэн, хаанаас бүрдэх зэрэг нь өнөө хэр ойлгомжгүй байгаа.
Тодорхой бус өөр нэг асуудал нь хөрөнгө оруулалтын банкуудтай холбоотой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн олон улсын хөрөнгийн биржүүдэд гарах IPO-г зохион байгуулах үүрэг бүхий дөрвөн банк тодорсон. Deutsche-аар ахлуулсан Goldman Sachs, BNP Paribas, Macquarie банкуудын хөлсийг хэрхэн төлөх вэ. Олон улсад хөрөнгө оруулалтын банкууд IPO хийх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хоёр янзаар хөлс авах жишиг тогтсон байдаг. Эхнийх нь мөнгөн дүнгээр тооцох, удаах нь тухайн компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмших. Ихэнх тохиолдолд босгосон хөрөнгийнх нь 2-3 хувьтай тэнцэх хэмжээний хөлс авдаг нь хөрөнгө оруулалтын томоохон банкуудын нийтлэг жишиг юм билээ. Сонгогдсон банкуудад хэчнээн мянган долларын хөлс төлөх гэж буйгаа тайлагна гэж энд шаардсангүй. Ямар байдлаар, хэрхэн төлөх тухайгаа тодорхой болгож, зарлачихвал хожмын өдөр чичлүүлэх бас нэг дарамтыг урьдчилан тооцоолсон алхам байж ч болох.
Зангарга
Ерөөс Тавантолгой ил мөртлөө далд байгаагийн цаад учир юу вэ. Шат шатнаасаа хамааралтай улс төрийн асуудал гэж шуудхан хэлье. Засгийн газрын гишүүд тэргүүнээсээ, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит компанийн удирдлагууд сайд нараасаа, төрийн байгууллагын мэргэжилтэн, холбогдох компанийн ажилтнууд дарга, захирлаасаа хамаарах айдсын гурвалжин Тавантолгойг тойрон хэрчихээд байгаа нь тодорхойгүй эл байдлыг үүсгэсэн гэлтэй. Зөв зүйлийн төлөө зөв мөрөөр алхаж байгаа бол айдсын гурвалжинд хэрүүлэх хэрэг байхгүй баймаар. Асуудал тодорхой, байр суурь ижил, бүгдэд байгаа мэдээлэл нэг зангарга дор захирагддаг бол өнөөдрийн эргэлзээ, хэл ам даамжрахад хүрэхгүй байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани талбайн хөрсийг хуулж, олборлолт хийхэд бэлэн болсон л гэнэ, ашиглалтын лицензээ өнөөг хүртэл нэр дээрээ шилжүүлж чадаагүй мөртлөө үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн өрнөж байгаа нь нөгөө л холбогдох байгууллагуудын уялдаа холбоо муутай шууд холбоотой.
Шийдэл байж болох гарц гэвэл, улс орны хөгжилтэй хамаатай чухал нарийн асуудлыг хэд гурван хүнд даатгаж, илжиг мэт зүтгүүлэхээ зогсоож, нийтийн хүчийг уялдуулан нэгтгэх байж болох юм. Асуудлыг нэг арааманд зангидаж, зангаргадаа авах нь Засгийн газрын тэргүүний үүрэг биз. Гэтэл тодорхой журмын дагуу сонгон шалгаруулж томилох ёстой ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг дур мэдэн тодруулах хэлбэрээр Тавантолгойтой холбогдох нь Гүйцэтгэх засаглалын тэргүүний зангарга мөн үү.
Монгол улсын орчин цагийн түүхэн дэх нарийн түвэгтэй он жилүүдэд хариуцлагатай шийдвэр гаргах хүнд үүрэг өнөөгийн удирдлага, эрх мэдэлтнүүдэд ногдож буй нь үнэн. Мэдээж үзэж туулсан бэрхшээл, туршлага чадамжаар дутмаг байгаа нь ойлгомжтой. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ч мөн адил. Гэхдээ аливаа зүйлийг нууцлах тусам сонирхол татаж, хар төрүүлж, ноцтой бодол ургуулдаг. Харин ил байх тусмаа энгийн хийгээд нөгөө талаас ажил хэрэгч, онч мэргэн санаа төрдгийг, уялдаа холбоо хамтрал урагшлах замд хурд нэмдгийг ухамсарлах шаардлага байгааг ухаж дүгнэх буй заа.